Сураггүй болсон Саудын Арабын сэтгүүлчид юу тохиолдсон нь тодорхойгүй хэвээр байна. Саяхан Туркийн хэвлэлд түүнийг Саудын консулын байранд алагдсаныг гэрчлэх аудио, видео материалууд олдоод байгаа тухай мэдээлсэн юм.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг материалуудыг хуваалцахыг Туркийн талаас хүссэн байна. Өчигдөр сэтгүүлчид түүнээс энэ талаар асуухад Трамп “Хэрвээ ийм материал байгаа бол хуваалцахыг бид хүссэн. Гэхдээ байгаа гэдэгт би эргэлзэж байна” гэж хариулжээ.
Сэтгүүлч Жамал Хашоггийн аллагатай холбоотойгоор Саудын Арабын засгийн газрыг шийтгэх тухай Трамп хэд хэдэн удаа мэдэгдээд байгаа.
Гэхдээ Саудын тал аллагыг үйлдээгүй гэдгээ хариу мэдэгдэж, баталгаатай баримт дээр үндэслэн ямар нэг алхам хийхийг Вашингтонд уриалж байна.
АНУ-ын Ойрх Дорнод дахь гол холбоотон Саудын Араб сэтгүүлч Жамал Хашоггийг сураггүй болсны дараа олон улсын дарамт шахалтад ороод байгаа.
Саудын угсаа залгамжлагч ханхүүгийн бодлогыг хүчтэй шүүмжлэгч Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь консулын газарт очоод сураггүй болсон юм.
Туркийн мөрдөгчид түүнийг консулын байранд алагдсан гэж үзэж байгаа. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын нийслэлд саяхан айлчилж, тус улсын эзэн хаан, угсаа залгамжлах ханхүү нартай уулзаж ярилцсан юм. Тэд бүгд аллагын талаар ямар ч мэдээлэлгүй байгаа, хэргийг шалгах ажлыг эхлүүлснээ Помпеод дуулгасан байна.
Төрийн нарийн бичгийн дарга Саудын Арабаас Анкарагийн эрх баригчидтай уулзахаар Турк рүү нисчээ.
Эх сурвалж: ikon.mn