Өчигдөр буюу ням гарагт Саудын албан ёсны мэдээллийн агентлаг мэдэгдэлдээ “Эдийн засгийн хориг, улс төрийн дарамт, үндэслэлгүй гүтгэлэг зэрэг Хаант улсад хор хохирол учруулах ямарваа оролдлогыг бид хүчтэй эсэргүүцнэ. Хэрвээ ийм үйлдэл илэрвэл түүнээс ч хатуу үйлдлээр хариу барих болно. Хаант улсын эдийн засаг дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөтэй гэдгийг санавал зохино” гэжээ.
Сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэрэгтэй холбогдуулан ямар нэг эдийн засгийн хориг зарлавал илүү хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ Саудын Арабын засгийн газар Ням гарагт мэдэгджээ. Тус улсын эрх баригчдын бодлогыг хатуу шүүмжилдэг Жамал Хашогги энэ сарын 2-нд Истанбул дахь Саудын консулын газарт нэвтрээд сураггүй болсон юм.
Туркийн эрх баригчид сэтгүүлчийг консулын байранд алагдаж, цогцсыг нь авч явсан гэж үзэж байгаа. Харин Саудын Араб үүнийг эрс няцааж байна. Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Хашоггийн амийг Саудын Арабын тал хөнөөсөн нь тогтоогдвол “хатуу шийтгэл” онооно гэж сүрдүүлсэн.
Гэхдээ тэр Саудид зэвсэг худалдах наймаагаа цуцлахгүй, ингэвэл Вашингтон өөрийгөө шийтгэсэн хэрэг болно гэж тайлбарласан юм. Саудын Арабын эзэн хаан Салман өчигдөр Туркийн ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярьж, талуудын харилцаа “бат бөх” хэвээр байгааг баталсан тухай тус улсын гадаад явдлын яам мэдээлсэн байна. Өчигдөр мөн Их Британи, Франц, Германы гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, сэтгүүлч сураггүй болсон явдлыг анхааралтай ажиглаж байгааг, хэрэг явдал үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж итгэж байгаагаа Саудын талд мэдэгджээ.
Гэхдээ тэдний мэдэгдэлд Саудын Арабыг шийтгэх ямар нэг агуулга байгаагүй юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шахалт үзүүлж байгаатай холбоотой хөрөнгө оруулагчдын итгэл суларч, Саудын Арабын хөрөнгийн зах зээл Ням гарагийн байдлаар $33 тэрбумын алдагдал хүлээгээд байна.
Эх сурвалж: Reuters