Хоол тэжээлийн хомсдолоор нэн ховордсон цоохор ирвэсийн таван гүен үхсэн байна. Үүнийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын судлаачид тогтоосон байна.
Зэрлэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орж малчны хот руу орж ирэх болсныг малчид төдийгүй албаны хүмүүс мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн өвөл цоохор ирвэс айлын мал руу дайрсан хэрэг хэд хэдэн удаа гарсан. Мөн янгир айлын хот руу орж ирэх болсон юм.
Алтайн Соёны бүс нутаг, Ховд аймгийн Дуут суманд өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр гүем үхсэнийг нутгийн малчин мэдээлжээ. Сэгнээс нь сорьц авч аймгийн Мал эмнэлгийн газарт шинжлүүлэхэд өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд хоол тэжээлгүйгээс турж үхсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн дээрх шалтгаанаар айлын мал руу дайрснаас болж нохойд бариулсан байна. Өөр нэг тохиолдол энэ оны нэгдүгээр сард бүртгэгдэж хавханд орсоноос хөл нь тасарч амиа алдсан аж. Үхсэн гүемийг Жаргаланхайрхан уулнаас олжээ. Хамгий сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд үехсэн гүем олдсон нь одоогоор шалтгааныг нь тогтоогоогүй байгаа аж. Ирвэс хоёр жилд нэг удаа зулзагалдаг тул тоо толгой цөөн, богино хугацаанд өсч үржих боломж хязгаарлагдмал байдаг. Энэ амьтад устаж үгүй болох шалтгаан нь хууль бус агнуур, идэш тэжээлийн хомсдол юм.