Хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэгч хэмээн цээжээ дэлддэг “Витафит” группын ундаа жүүсний чанар, аюулгүй байдалд эргэлзэхэд хүрээд байна. Энэ нь хэдэн сарын өмнө –“Витафит” группд гэрээт харуулаар ажиллаж байсан Ж.Батбилэг гэх залуугийн хийсэн бичлэгтэй холбоотой юм. Тус бичлэгт “Витафит” группын ажилчид амралтын өдрөөрөө буюу 2014 оны 12 сарын 13-ны өдөр үйлдвэр дотроо бусад ажилчдаас нууцаар 2014 оны 7 сарын 30-нд хугацаа нь дууссан BIO брэндийн дөрвөн төрлийн жүүсийг 2015 оны 3 сарын 1нд үйлдвэрлэсэн болгож хуурамч он сар кодолж байгаа үйл явц баримт болон үлджээ.
Тэд их хэмжээний BIO брэндийн жүүсийг ингэж хуурамч он сар тавин тухайн үед сар шинийн баяраар хэрэглэгчдэд борлуулсан гэж байгаа. Харин ингэж хэрэглэгчдээр тохуурхаж, эрүүл мэндэд нь заналхийлснийхээ төлөө “Витафит” групп өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Иймээс сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд “Витафит” группын ундаа шүүсэнд итгэж болох эсэх нь эргэлзээ дагуулж байна. Тэд дахин хугацаа дууссан бүтээгдэхүүнээ хуурамч он сар тавин кодлоод хэрэглэгчдэд хүргэж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Олны анхаарлыг татсан, хүнсний аюулгүй байдалтай холбоотой уг мэдээллийн дараа тус компаниас “Тухайн өдрийн үйлдвэрлэлийн төгсгөлд огноо тавих машинд доголдол гарсны улмаас бүтээгдэхүүний савлагаан дээр огноо андуурагдаж тавигдсан байсан бөгөөд уг үл тохирлыг залруулах ажиллагаа хийгдэх үеийн процессыг гар утсаар бичсэн байна” хэмээн тайлбар товч хийж байв. Нэг үгээр тэд он сар тавин кодлосноо хүлээсэн юм. Үүнээс үүдэн “Витафит” группын үйлдвэрлэдэг гэх ундаа жүүсний хадгалалтын хугацаа бодитой эсэхэд эргэлзэхэд хүрээд байна. Магадгүй тэд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийхээ он сарыг хуурамчаар кодолж борлуулсныхаа дараа “бүтээгдэхүүний савлагаан дээр огноо андуурагдаж тавигдсан” гэх мэт жижүүрийн тайлбар хийхийг үгүйсгэх аргагүй юм.