“Mongol HD” телевиз өнгөрсөн жил үзэгчдэд болон бизнес эрхлэгчдэд нэгэн бэлэг барьсан нь “Шарк танк” нэвтрүүлэг байсан. Тус шоуны хоёрдугаар улирлын дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй бөгөөд үүнтэй холбоотой зарим нэг асуулт үзэгчдийн дунд бий болж эхэлсэн. Тус нэвтрүүлгээс сонгогдсон төслүүд хөрөнгө оруулалтаа авч бизнес нь цэцэглэн хөгжиж чадсан болов уу?
Дэлхийн дунджаас харахад “Шарк танк” нэвтрүүлгээс сонгогдсон нийт төслийн 50 орчим хувь нь хөрөнгө оруулалтаа авдаг бөгөөд Монголд энэхүү үзүүлэлт 90 орчим хувьтай байгаа ажээ. Нэвтрүүлгийн дүрмийн дагуу тус нэвтрүүлгийн шаркууд нэвтрүүлгийн дараа due diligence буюу төсөлд шалгалт хийгээд хөрөнгө оруулахгүй байх бүрэн эрхтэй байдаг ажээ.
Одоогийн байдлаар Монгол дахь шаркуудаас “Монгол базальт” компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа татгалзсан нь олонд ил болоод буй. Тэрээр компанийнхаа ТУЗ-ийн гишүүдтэй хуралдаад энэхүү шийдвэрийг гаргасан ажээ.
Нэвтрүүлэгт оролцож буй энтрепренерүүд ойролцоогоор нэг цаг орчим бүтээгдэхүүнээ танилцуулдаг бөгөөд үзэгчдэд ердөө 10 минут орчим нь хүрдэг байна. Одоогийн байдлаар тус нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн удаан танилцуулгаар Майкл Цэн хэмээх залуугийн танилцуулга шалгарсан байдаг бөгөөд 2 цаг 30 минут орчим үргэлжилсэн байна. Мөн оролцсон төсөл бүр үзэгчдийн хүртээл болдоггүй бөгөөд 80 хувь нь нийтэд хүрдэг ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn