Замира болон түүний нөхөр Жахангир Хажиев Их Британид нийт $29 саяын хөрөнгө эзэмшиж байсан нууцлаг эмэгтэйн хэрэг олон сарын турш олны анхаарлыг татаж байв. Тэгвэл өчигдөр Лондон хотын дээд шатны шүүх сэжигтний нэрийг нууцлах шийдвэрээ цуцалж, ил болгосноор энэ эмэгтэй нь Азербайжаны томоохон банкны захирал асан хүний эхнэр Замира Хажиева болохыг зарлажээ.
55 настай Хажиева сүүлийн 10 жилийн хугацаанд нөхрийнхөө банкнаас гаргасан 35 ширхэг зээлийн картаар Лондоны Харродс тансаг эдлэлийн дэлгүүрээс нийт $21 саяын дүнтэй худалдаа хийсэн нь мөрдлөгөөр илэрсэн юм.
Хэт тансаг амьдралтай Хажиева хуулийнхны анхаарлыг татаж, Британид хууль бус мөнгө угаах явдалтай тэмцэх шинэ хуулийн эхний хэрэгтэн болсон байна. Хажиевагийн нөхөр Жахангир Хажиев 2001-ээс 2015 оны хооронд Азербайжаны төрийн өмчит Олон Улсын Банкны захирал байжээ.
Тэр 2016 онд өмч хөрөнгө идэж шамшигдуулсан хэргээр 15 жилийн хорих ял, $29 саяыг буцаан төлөх шийтгэл сонссон юм. Тухайн үед эхнэр нь Азербайжанаас дүрвэж, Британид хөрөнгө оруулагчийн визээр амьдрах болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Британий мөрдөгчид тус улсад хэрэгжиж эхэлж байгаа эх үүсвэр тодорхойгүй хөрөнгийг илчлэх хуулийн дагуу анхны сэжигтнээ хэрэгт татсан нь Хажиева болсон юм.
Хуулийн дагуу Хажиева хөрөнгөө хаанаас олсноо тайлбарлаж чадахгүй бол хураалгах ажээ. Өнгөрсөн долоо хоногт түүний давж заалдах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй бөгөөд ингэснээр банкирын эхнэр хөрөнгөө хураалгах эрсдэлд ороод байна.
Хосууд уг дэлгүүрийн ойролцоох том орон сууц, Лондоны гадна орших гольфийн клубын эзэмшигчид болохыг нэмж илрүүлжээ. Хажиева нь “төрийн өмчийг идэж шамшигдуулсан” хэрэгт сэжиглэгдэн Азербайжанд эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Түүний өмгөөлөгчид одоо шүүхийн шийдвэрийг дахин давж заалдахаар бэлдэж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters
2 comments
цаана нь барахгүй их мөнгө байгаа биз
SHYYH ZASAGLAL