Манай Монголчууд чинь цөөхүүлээ. Харин улстөрчид маань олуулаа. Олуулаа учраас эв нэгдэл гэдэг зүйл ард түмнээс илүүтэй улстөрчдөд асуудал болдог юм. Ижил тэнцүү сонголт хийчихээр бие биеэ бойкотлоод төрийн ажил гацаачихна. Аль нэгийг нь олонх болгоод тавьчихаар ааг бяр нь ихдээд хараа хяналтгүй болчихно. Бас олон суудал авсан улстөрчид хоорондоо эрх мэдлээ булаалдаад дөрвөн жилийн турш “зодолдчих” шинжтэй.
Ер нь улстөрчид их ярвигтай юм. Харин сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрыг сүрхий эвтэй байгаа тухай хаа сайгүй ярих боллоо. Нэг нь АН-аас нэр дэвшиж сонгогдсон, нөгөө нь МАН-аас томилогдсон болохоор улстөрчид, улс төрийн хүрээнийхэн гайхаад байх шиг байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын “амьд харилцаа”-г харсан хүмүүс эвэртэй туулай харсан юм шиг, үгүйдээ л аль алийг нь урвагч болгож байгаад л ярьж байна.
Энэ намрын чуулганы нээлт өнгөрсөн даваа гаригт буюу хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд болсон. Тэр орой нээлтэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болжээ. Тэр хүлээн авалт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр Брежнев, Цэдэнбал хоёр шиг тэврэлдэж, үнсэлцлээ гэлцээд байгаа юм. Нэг нь Америкаас, нөгөө нь Азербайжанаас ирсэн хоёр л доо. Тэр үеэр Ерөнхий сайд “…
Намайг дэмжсэн, дэмжиж явдаг танд баярлалаа. Би сая Америкт очоод 350 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурчихаад ирлээ. Ерөнхий сайдын хувьд, монгол хүн болж төрсний хувьд бахархах гавьяагаа амжуулчихлаа” гэж “илтгэсэн” гээд л яриад байна. Уг нь монголчуудын эв нэгдэл хэмээх том агуулгаар нь харвал дээрх буруутгалууд хөгийн юм болж таарна. Гэхдээ тун нь хэтэрч болохгүй. Эв нэгдэл нэрээр цаагуураа хэн нэгийнх нь хувийн ашиг сонирхол гүйчихвий гэсэн хардлага бас яваад байна. Ингэж хардах нь зүйн хэрэг л дээ.
Намрын чуулганы эхний өдрүүдэд ЗТХ-ийн сайдыг томиллоо. Шинэ сайдаар Ерөнхий сайдын маш ойрын Я.Содбаатар гишүүн тодорлоо. МАН-ын удирдлагууд сарын өмнө Булганд уулзах үеэр Я.Содбаатарыг сайд болгоё гэж тохирсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Тэр уулзалтаас генсек Д.Амарбаясгалан нь бултжээ гэж бичиж байв. Генсекээс бусад нь Булганд “чуулсан” гэсэн үг л дээ. Хамгийн гол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй шадарлаж ирсэн, УИХ дахь МАН-ын 33-ын бүлэгт харьяалагддаг Я.Содбаатар яаж 32-ын бүлэг, Ерөнхийлөгч гэсэн хоёр том даваан дээгүүр харайгаад ЗТХ-ийн сайд болсон бэ гэдэг анхаарал татаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь 32-ын бүлгийн квотоор, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байсныг улс төрийн хүрээнийхэн нэвт шувт ярьдаг. Түүгээр бол 32-ын бүлгээс нэр дэвшсэн Ё.Баатарбилэг, эсвэл Ерөнхийлөгчийн санал болгосон экс сайд Д.Ганбат хоёрын нэг томилогдох байлаа. Гэвч өнөөдөр У.Хүрэлсүхийг Засгийн газраа байгуулж байх үеийн улс төр огт өөр болсныг ЗТХ-ийн сайдын томилгоо харуулж байгаа юм.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эв нэгдэл ЗТХ-ийн сайдын томилгоон дээр илэрч байна гэсэн үг. Эв нэгдэл бидэнд хэрэгтэй. Шүүмжлэх хэрэггүй. Гэхдээ үүгээр халхавчилсан элдвийн үйлдэл явагдах вий гэж хардах нь бас хэрэгтэй юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
Эвтэй явж болддоггүй Эвдэрэлцэж бас болддоггүй яачихсан Нийгэм яадаг Улс вэ дээ яаж байвал бусдын Сэтгэлд нийцэх юм бол доо