Аливаа улс, орны эдийн засгийн тогтвортой байдал жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой гэхэд хилсдэхгүй. Энэ төрлийн бизнесийг нийгмийн дундаж давхаргынхан эрхэлдэг бөгөөд жирийн иргэдийн бизнес ч гэх ярих нь бий. Манай улс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төрөөс, үе үеийн Засгийн газраас ямар нэг бодлого баримталж ирсэн.
Хамгийн анх 1993 онд тухайн үеийн Үйлдвэр худалдааны яаманд Жижиг, дунд үйлдвэрлэл, технологийн хэлтэс байгуулж, 1999 онд анх удаа энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр батлуулж, дараа онд нь сан байгуулан улсын төсвөөс мөнгө төвлөрүүлж, түүнийгээ үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл болгон өгч дэмждэг.
Өөрөөр хэлбэл, жижиг, дунд бизнес эрхлэгч жирийн иргэдийг төрөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл олгох, гаалийн татварын хөнгөлөлт, зээлийн батлан даалт хийх зэргээр чамгүй дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог зээлийг шударга бусаар хуваарилдаг, танил талдаа өгдөг гэх зэрэг хэл ам байнга гардаг. Зарим эрх мэдэлтэй хүн жижиг, дунд бизнес эрхлэх нэрээр зээл аваад шамшигдуулах явдал ч гарч байсан түүх бий.
Зарим нь энэ мэтээр шамшигдуулдаг бол нөгөө хэсэг нь үйлдвэрлэлээ өргөжүүлээд явж байгаа жишээ олон. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан бизнес эрхлэгчид түүгээрээ үйлдвэрлэл явуулах, ажлын байраа өргөтгөх, орон тоогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах ажил хийсээр ирсэн. Жижиг, дунд Үйлдвэрлэлийн салбарт нийт ажиллах хүчний 72 хувь нь хөдөлмөрлөдөг Жижиг, дунд үйлдвэр нь зах зээлийн нөхцөлд өрсөлдөөн бий болгож, эдийн засгийн өсөлтийг хурдасгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр хөдөлмөр эрхлэх хүний тоог нэмж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй.
Төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, дэмжих талаар авах арга хэмжээ, хамрах хүрээг тодорхойлон үндэсний эдийн засгийн хөгжлийг хангах зорилт бүхий Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг 2007 онд баталсан. Уг хуулийн 3.1-д “Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгж, хувиараа аж ахуй эрхэлж буй Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид “иргэн” гэх)-д үйлчилнэ” хэмээн заасан.
Энэ хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт хамгийн ихдээ 199-өөс илүүгүй ажилтантай, жилд 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн, аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж ойлгож болохоор байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнд дурдсанаар 2017 онд бизнес регистрийн санд бүртгэлтэй 155 065 аж ахуйн нэгж байгаагийн 78 585 нь үйл ажиллагаа явуулдаг.
Тэдгээрийн 77 хувь буюу 60 330 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч буй юм. Манай жижиг, дунд үйлдвэрлэл жилээс жилд хөгжиж, сайжирч байгааг бодлого боловсруулагчид, судлаачид, энэ төрлийн бизнес эрхлэгчид ч хэлдэг. Энэ нь ч үнэний ортой. Тухайлбал, барилгын материал хийдэг жижиг, дунд үйлдвэр хөгжсөнөөр гадаадаас, тэр дундаа өмнөд хөршөөс импортолдог, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын баталгаа муутай бүтээгдэхүүний импорт эрс багассан. Хэдхэн жилийн өмнө урдаас барилгын материалаа бүгдийг нь авдаг байсан шүү дээ.
“Гурван марал” группийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр явуулж буй бодлого, дэмжлэг гайгүй сайн болсон. Гэхдээ хуулийн хэрэгжилт жаахан сул. Манайх барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 21 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг компани. Хэдэн жилийн өмнө “Гадаадын бараа бүтээгдэхүүн хямд, монголчууд барилгын материал үйлдвэрлэнэ гэж юу байдаг юм бэ” гэх хандлага байсан.
Сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөөд байгаа шүү дээ. Барилга угсралтын компаниуд л гэхэд биднээс бараа бүтээгдэхүүн авч, эх оронч сэтгэлгээтэй болоод байна” гэсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 2017 оны байдлаар Монгол Улсад ажил эрхэлж буй нийт ажиллах хүчний 72 хувь нь хөдөлмөрлөдөг аж.
Тодруулбал, 906 495 хүн энэ салбарт ажилладаг гэсэн үг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009-2017 оны хооронд улсын хэмжээнд нийт 7540 төсөлд 742.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд 40 628 ажлын байр шинээр бий болсон гэсэн статистик үзүүлэлт бий. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жижиг, дунд үйлдвэрлэлд эргэлдэж байгаа мөнгө бараг 200 гаруй тэрбум төгрөгт хүрдэг” хэмээсэн.
Энэ бүгдээс үзэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд ирээдүй харагдаж байна. Бизнес эрхлэгчид банкийг баяжуулах л гэж ажиллаж байна Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль батлан хэрэгжүүлж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд манай нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж, түүнийг дагаад энэ хуульд ч өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.
Уг нь 2007 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн эрх зүйн орчин тодорхой болсноор шударгаар өрсөлдөж, хөгжих зүй тогтлын үндэс суурь тавигдсан гэж судлаачид үздэг. Энэ хууль батлагдсанаар тухайн салбарын эрх зүйн орчин боловсронгуй болох суурь бүрэлдсэн. Өдгөө улс орны хөгжил, эдийн засгийн байдлаас шалтгаалж эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай болсон гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.
Хэдийгээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Монголын хувийн хэвшлийн салбарт тоо хэмжээгээрээ давамгайлдаг боловч улсын төсвийн багахан хувийг л бүрдүүлдэг юм. Энэ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн байдал хүндхэн байгааг илтгэж байгаа хэрэг. Судалгааны байгууллагаас “Жижиг, дунд үйлдвэр болон бичил бизнес эрхлэхэд ямар нэг саад бэрхшээл тулгарч байна уу” гэсэн санал асуулга явуулахад оролцогчдын 88 хувь нь “Тийм”, 12 хувь “Үгүй” гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд бизнес эрхлэхэд ямар нэг саад бэрхшээл учирдаг байна.
Уг судалгаанд оролцогчдын олонх буюу 54.6 хувь нь татвар, төлбөр хураамж өндөр, санхүүгийн бэрхшээл их, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зээл авахад хүү нь өндөр гэжээ. Хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг нэг танил минь “Бидэнд учирч буй гол дарамт бол зээлийн хүү. Хамгийн багадаа жилийн 15-аас дээш хувийн хүүтэй зээл авдаг. Төр, засгаас зээлийн хүүг бууруулах бодлого баривал жижиг, дунд бизнес эрхлэгч бидэнд тун ч нэмэртэй болох юм.
Гадаадын ихэнх оронд зээлийн хүү жилийн 0.2-0.5 хувь л байдаг. Гэтэл манайд хэд дахин өндөр байгаа шүү дээ. Жилийн 10 гаруй хувийн ашиг олно гэдэг хоёр идэхгүй, хоосон хонохгүй байж бүрдүүлэх тоо. Үүнийгээ зээлийн хүүндээ төлчихөөр банк, банкны эзэд л баяжихаас биш, бизнес эрхлэгчдэд ямар ч ашиггүй” хэмээсэн юм. Тэгэхээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зээлийн хүү, татварын дарамт зэрэг санхүүгийн бэрхшээлээс хамгаалах, хүний нөөц рүү чиглэсэн төрийн зохицуулалт чухал юм билээ.
“Гурван марал” группийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар “Өдгөө бидэнд тохиолдож буй хамгийн тулгамдсан асуудал бол хүний нөөц. Аливаа зүйлийг хийж бүтээхэд боловсон хүчин тодорхой хэмжээнд байх ёстой. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, цар хүрээгээ тэлье гэхээр өнөөдөр боловсон хүчнээс болоод мухардалд ордог. Залуус нэг өдрийн ажлын ачаалал даахгүй, орой нь ажлаа тараад явсан хүмүүс, ялангуяа цалин буусны маргааш өглөө нь ирэхгүй, төлөвлөсөн ажил нураах жишээтэй.
БНСУ жижиг, дунд үйлдвэрээ дэмжих төрийн бодлогын хүрээнд улсаас нь компаниуддаа тэтгэмж өгдөг байж. Компани нь 800 мянган төгрөгийн цалин олгож байхад, улсаас энэ хүнийг ажлын байраар хангаж буй учраас нэмж 400 мянган төгрөг олгоё гэх байдлаар дэмжиж байсан юм билээ. Тиймээс төрөөс хүний нөөцийн бодлого, аль аль талдаа итгэлтэй ажлын байраар хангахад анхаарал хандуулах нь зүйтэй гэж санагддаг юм” хэмээсэн.
Монголчуудын зорин очиж ажилладаг БНСУ л гэхэд импортыг хязгаарлах бодлого явуулж, үр дүнд нь үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалан, зөвхөн машин техник, тоног төхөөрөмжийн импортыг хүлээн зөвшөөрч байсан түүхтэй. Импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг баримталсны зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бус, технологийг татах бодлого явуулснаар өндөр хөгжилтэй болоод байгаа. БНХАУ ажлын байр юм уу, тоног төхөөрөмжийг нь бэлдэж өгөхөөс гадна шууд хөрөнгө оруулалт хийх бодлого баримтлан жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж байна.
Хойд хөршийн Засгийн газраас бүс нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого барьж, их хэмжээний санхүүжилт олгохдоо урт хугацаатай, эхний таван жилд хүүгүй, татваргүй зээл өгдөг юм билээ. Өнөөдөр манайхан жижиг, дунд үйлдвэрлэл гэхээр л ард нь заавал зээл, тусламж шаарддаг. Зээл тусламж авахынхаа өмнө хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц баялаг бүтээсэн байх шаардлагатай баймаар.
Эдгээрээс гадна үйл ажиллагаагаа эхэлсэн эхний жилүүдэд бүх төрлийн татвараас чөлөөлөх, ингэснээр далд эдийн засаг хөгжих явдлыг хязгаарлаж төр нь үйлдвэрлэгчиддээ дэмжих, үйлдвэрлэгчид нь эргээд татвараа төлөх гэсэн харилцан хамаарлыг бий болгох нь чухал байгаа билээ. Шинэ хууль баталбал бизнес эрхлэгчид төрийн дэмжлэгийг чамгүй хүртэх нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, ажиллах хүчнийг чадавхжуулах зорилгоор хууль тогтоогчид төсөл санаачилсан.
Бизнес эрхлэгч зарим хүн “Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг өөх ч биш, булчирхай ч биш янз бүрийн статустай байлгаж ирсэн нь салбарын хөгжилд тушаа болж байгаа” гэдэг. Анх 1993 онд Жижиг, дунд үйлдвэр, технологийн хэлтэс нэртэй байгуулагдсан тус газар 2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон бие даасан хэлбэрээр бодлогоо хэрэгжүүлж байсан юм. Харин 2012-2014 онд Хөдөлмөрийн яам, 2014-2016 онд Аж үйлдвэрийн яамны нэгж болж байснаа 2016 оноос ХХААХҮЯ-нд харьяалан төрөөс жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.
Энэ хуульд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ач холбогдолтой хэд хэдэн чухал заалт оржээ. Онцлох заримыг нь тодотгоё. Тус хуулийн гуравдугаар бүлэгт Хуулийн үйлчлэх хүрээ гэх хэсэгт ажлын байрыг нэмэх, татварын бааз суурийг өсгөх, далд эдийн засаг, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хэлбэрээр бизнес эрхлэхийг дэмжих зорилготой заалт оруулахаар төлөвлөсөн аж.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг ойлголтыг ч өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, эдийн засгийнхаа багтаамж цар хүрээнээс хамаарч ангиллыг улс орон бүр янз бүрээр тодорхойлсон байдаг. 2007 оноос одоог хүртэл мөрдөж буй манай Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого гэж заасныг хууль хэрэгжсэнээс хойших 10 жилийн хугацаанд инфляц, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ зэргээс хамааран өсгөх шаардлагад тулгуурлан өөрчлөхөөр тусгасан байна.
Мөн ажилтны тоог голлох үзүүлэлт болгож байгаа нь ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой байлгахад оршиж буй юм. Энэ хуулийн хамгийн гол, бизнес эрхлэгчдийн хүлээлтийг үүсгэж буй чухал заалт бол төрөөс үзүүлэх дэмжлэг. Шинээр найруулсан хуулийн төслийн наймдугаар зүйлд “Төрөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг тусгажээ.
“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан төрөөс хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах талаар дурджээ. Түүнчлэн хөнгөлөлттэй зээл олгох, шинээр бий болгосон ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, зээлийн давхар батлан даалт гаргах, хүүгийн зөрүүг олгох, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.
Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжих, гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх гэх зэрэг заалтуудыг оруулсан байна.
Г.Цолмон
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин