Улсын хэмжээнд сүүлийн нэг жилийн дотор 20-24 насныхны төрөлт 20263-18028 болон буурсан байна. Харин 25-29 насныхны төрөлт 25741-23919-д хүрчээ. Тэгвэл 2017 онд 15-24 насныхны дунд үр хөндөлтийн 3871 тохиолдол бүртгэгдсэн бол 25-34 насныхны 9326 нь үр хөндүүлжээ. Тиймээс үр хөндөлт хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болон яагаад эмэгтэйчүүд үр хөндүүлдэг талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч П.Одгэрэлээс тодрууллаа.
-Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдэд ямар сөрөг нөлөө илэрдэг вэ?
-Тухайн эмэгтэй жирэмсэн болсон цагаас эхлээд л бие махбодод нь шууд өөрчлөлт ордог. Учир нь урагт зориулагдан бодисын солилцоо нь өөрчлөгддөг гэсэн үг. Гэтэл үүнийг хиймлээр шууд таслахаар зарим эмэгтэйн бие махбод өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй улмаар олон төрлийн сөрөг гаж үзэгдлүүд илэрдэг. Хамгийн хэцүү нь абортоос болоод үргүйдэлд хүрч болдог. Мөн сарын тэмдэг ирэх мөчлөг нь алдагдаж, нэг бол маш их хэмжээгээр зогсолтгүй ирэх, эсвэл ор тас ирэхээ больж, зогсдог. Түүнчлэн бие сульдах, сэтгэлээр унах зэрэг шинж илэрдэг.
Эдгээрээс гадна үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүд өгсөх замын үрэвсэлтэй болдог. Энэ нь үргүйдэлд хүргэх гол шалтгаан. Нэгэнт өөрчлөлтөд орсон бие организм эргэн хэвэндээ орохдоо удаан, зарим нь ужиг өвчтэй болох тохиолдол ч байдаг.
-Яагаад сарын тэмдэг зогсчихдог юм бол?
-Сарын тэмдэг ирэх мэдээллийг тархи нугас руу дамжуулан, явсаар өндгөвчид хүргэдэг. Үр хөндөлт хийлгэхэд аль нэг газар нь доголдол гарчихдаг гэсэн үг. Тэгээд л хаагдаад ахиж хэзээ ч ирэхгүйгээр зогсох магадлалтай. Ингэсэн тохиолдолд үүнийг эмчлэхэд маш хэцүү.
-Анхдагч болон хоёрдогч үргүйдэл гэж байдаг гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Хамгаалалт хэрэглэхгүйгээр бэлгийн харилцаанд тасралтгүй хоёр жил орсон хэрнээ жирэмсэн болохгүй байвал үүнийг анхдагч үргүйдэл гэж үздэг. Харин тухайн эмэгтэй өмнө нь хүүхэдтэй болж, төрсөн хэрнээ гаднын нөлөөллөөс, эсвэл өөр бусад зүйлээс шалтгаалан дахин жирэмслэхгүй байхыг хоёрдогч гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрөлхийн болон олдмол гэсэн үг. Олдмол гэдэгт үр хөндөлт орно.
Анхны хүүхдээ авахуулчихвал үргүйдэлд хүрэх магадлал илүү ихэсдэг. Гаднын стандартаар тухайн эмэгтэй анхны хүүхдээ төрүүлчихээд хоёр дахь удаагаа хүүхэдтэй болохыг хүсч байвал үр хөндөлт хийлгэх хэрэггүй гэж үздэг. Учир нь хоёр дахь тохиолдолд ч гэсэн авахуулбал мөн л үргүйдэлд хүрч болдог. Харин юунд ч харамсах зүйлгүй болсон үедээ буюу хоёр болон түүнээс дээш хүүхэд төрүүлснийхээ дараа үр хөндөлт хийлгэвэл болно. Ер нь хүссэн ч бай, үгүй ч бай анхны олдсон хүүхдээ ямар ч тохиолдолд гаргах л хэрэгтэй.
-Зарим хүмүүс аборт хийлгэсэн ч жирэмсэн болчихсон л байдаг шүү дээ…
-Үр хөндөлт хийлгэчихээд дараад нь жирэмсэн болсон тохиолдол зөндөө байдаг. Тухайн хүний бие махбод өөрчлөлтийг хэр хурдан хүлээж авч, дасан зохицон хариу үйлдэл үзүүлж байгаагаас эдгээр нь хамаарч байгаа юм. Харамсалтай нь зарим нь анхныхаа хүүхдийг авахуулчихаад ахиж хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй нөхцөлд хүрдэг. Ийм тохиолдолд тохирсон эмчилгээг хийж болдог ч үр дүн багатай.
Түүнчлэн үргүйдлээс гадна өндгөвч, дайвар, умайн хоолой болон бага аарцган явсны үрэвсэлтэй болчихдог юм. Бага аарцган дотор гуурсан хоолой, өндгөвч, дамжигч хоолой зэрэг нь байрладаг. Эдгээрт бөглөрөл үүсэх, наалдангитай болдог. Мөн аарцган хөндийн эрхтний үргүйдэл болон мэдрэлийн эрхтнээс ирэх мэдээлэлтэй холбоотой үргүйдэл гэж байдаг.
-Өсвөр насныхан бэлгийн боловсрол муу, энэ талын мэдээлэлгүйгээсээ болоод эрсдэлд ордог. Өөрийгөө яаж эрсдэлээс сэргийлэх ёстой вэ?
-Ер нь 12 настайгаас эхлээд хүүхдийн бэлгийн бойжилтын идэвхтэй үе эхэлдэг. Сарын тэмдэг ирсэн цагаас нэг жилийн дараа тухайн охин жирэмсэн болох магадлалтай болдог. Тэр цагаас эхлээд л бэлгийн боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй болох нь чухал. Тэгэхээр охид өөрийнхөө сарын тэмдгийн мөчлөгийг мэдэж, тоолж сурах хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө өндгөн эс ялгарах өдрүүдийг мэдэж болно.
Мөн жирэмслэлтээс хамгаалах эм ерөндөг, суулгац, тариа байдаг. Тэгэхээр жирэмслэхгүй гэж бодож байгаа хүмүүс эдгээрээс сонгоод хэрэглэж болно. Бэлгийн харьцаанд орсон залуу охидод ерөндөг зүгээр байдаг. Харин 35-40 насны эмэгтэйчүүдэд ширхэгтэй эмийг санал болгож байгаа. Төрөх насжилт залуужиж байгаа нь боловсролын систем муу байгаатай шууд холбоотой.
-Охид эмчийн зааваргүй 72 цагийн эмийг замбараагүй хэрэглэснээс болоод үргүйдэлд хүрч байна гэх юм. Үнэн үү?
-Уг эм нь эр, эм өндгөн эсийг хурдтайгаар салгаж, салстыг өөрчилдөг юм. Жирэмсэн болохоор бэлтгэгдсэн умайн ханын бүрхүүлийг ховхороож өгдөг үйлчилгээтэй. Энэ эмийг жилд нэг л удаа хэрэглэх ёстой. Гэтэл манайхан бараг сард нэг удаа хэрэглэж байна. Ингэснээр биеийн тэнцвэрт байдал алдагдана. 72 цагийн эмийг мини аборт гэж үздэг.
-Үр хөндөлтийг хувийн эмнэлгүүд ихээр хийх болсон. Үүнээс үүдээд ямар эрсдэл бий болдог юм бол?
-Энэ нь арай хэтэрхий байгаа юм. Үр хөндөлт нь эрүүл мэндийн салбарын анхаарах ёстой хамгийн чухал асуудал. Гэтэл хүссэн болгон нь ийм үйлчилгээ үзүүлээд байхаар хяналтгүй болчихоод байгаа юм. Хуучин энэ төрлийн мэс ажилбар хийдэг бүх байгууллагууд улсын мэдэлд байсан учир хүн бүрийг бүртгэж, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байсан. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд элбэг байж болно л доо. Гэхдээ стандартаа барих ёстой. Аборт хийхэд умай цоорох эрсдэл үүсдэг. Хэрэв жаахан л гэмтэх юм бол эхийн амь насанд аюул учир ч мэднэ.
-Идэр насандаа яваа эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх нь их байна гэх юм. Яагаад юм бол?
-Манай эмнэлэг зөвхөн залуу охид гэлтгүй нас тогтчихсон эмэгтэйчүүд ч “Хүүхэд жаахан учраас энэ удаадаа гаргамааргүй байна” гэж ирдэг. Тэгэхээр нь бид 12 долоо хоногийн дотор харьяа эмнэлэг рүү нь бичгийг нь бичиж өгөөд явуулдаг. Мэдээж гэр бүлийн тогтвортой байдал үр хөндөлтөд нөлөөлдөг. Хамгийн гол нь хамгаалах аргаа сайн мэдэж, ойлгох хэрэгтэй. Эм уувал жин нэмдэг, спираль тавиулбал бөгс нь бүдүүн болно гэхчлэн найз нөхөдтэйгөө ярьсан дам зүйлсээс болоод өөрийгөө хохироох хэрэггүй.
Эх сурвалж: Өдрийн сонин
З.МӨНХСУВД
1 comment
Монгол эмэгтэйчүүд нь орон сууцтай эрэгтэйгээр тэжээлгэх гэж нууц амрагууд нь болж, олон бутач хүүхдүүд төрүүлдэг. Мөн хөдөө эмэгтэйчүүд нь төрөл садандаа ба явуулын эрчүүдэд хүчиндүүлж, өвчтэй хүүхдүүд төрүүлдэг. Энэ сэдвийг хөндөн, нийтлэл гаргаачээ.