Кэтрин Майорга хэмээх бүсгүй “Ювентус” багийн хөлбөмбөгчин Криштиану Роналдуг хүчингийн хэрэгт буруутгаснаар португаль тоглогчийг тойрсон дуулиан үүсээд байгаа билээ. Майоргагийн ярьснаар 2009 оны есдүгээр сарын 28-нд Роналду түүнийг Лас Вегас хотод хүчинджээ. Хөлбөмбөгчин 375 мянган доллар өгсөн тул тэрбээр хэрэг явдлыг урт хугацааны турш нууцалж иржээ.
Барууны сэтгүүлчид уйгагүй эрэн сурвалжилсны дүнд Роналду Майоргатай хамт бааранд наргиж байх үеийн фотог олж илрүүлэн, улмаар хамт байгааг нь батлах видео дүрсийг олон нийтэд цацсан.Тэгвэл Кэтрин Майоргагийн өмгөөлөгчид өчигдөр Лас Вегас хотноо хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Өмгөөлөгч Ларисса Дрохобицер, Лесли Марк Стоваллын ярьснаар Майорга сэтгэлийн гүн хямралд байгаа тул ямар нэгэн ярилцлага өгөх боломжгүй гэнэ. Тиймээс асуудлаас хол байх үүднээс АНУ-аас түр хугацаагаар явсан байна.
Өмгөөлөгчдийн үзэж байгаагаар Роналду 2009 онд Майоргад мөнгө өгсөн тухай тохироо бол хүчингүй гэнэ. Учир нь бүсгүй тухайн үед авсан сэтгэл зүйн гэмтлээсээ бүрэн эдгэрээгүй байжээ. Тэрбээр 2018 онд өмгөөллийн компаниас зөвлөгөө авахаар очихдоо айдас хүйдэст автсан янзтай байсан бөгөөд Роналдуд хүчиндүүлснээс үүдэн депресст орж, архи дарс хэрэглэн, улмаар амиа хорлох тухай бодож байсан тухайгаа ярьсан байна.
Тиймээс одоо сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгчид нэгэн дуулиантай мэдэгдэл хийсэн нь Роналдуг 11 гэмт үйлдэлд буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Үүнд, хуйвалдах, доромжлох, сэтгэл зүйн гэмтэл, хүчирхийлэл, залилан, хахууль, гэрээний заалт зөрчсөн зэрэг үйлдлүүд багтаж байна. Тиймээс хохирлыг нөхөн төлөх 200 мянган долларыг Роналдугаас нэхэмжилж, 20 хоногийн дотор хариу өгөхийг шаардлаа. Түүнчлэн, Роналду хийсэн хэргээ өөрийн өмгөөлөгчдөө хүлээн зөвшөөрч буй видео бичлэгийг дараагийн долоо хоногт нийтэд түгээнэ гэдгээ тэд мэдэгдэв.
Энэ баримтыг сэтгүүлчдээс олж авсан гэнэ. Майорга 2009 онд болсон явдлын талаар яагаад өнөөдөр ярьсан тухай сэтгүүлчид өмгөөлөгчдөөс асуухад бэлгийн хүчирхийллийн эсрэг өрнүүлж буй эмэгтэйчүүдийн #MeToo давалгаа нөлөөлсөн гэж хариуллаа. Хэрэв Майорга шүүх дээр ялбал Роналдугаас 2009 онд авсан 375 мянган доллароороо буцаан өгч таарах магадлалтай хэмээн хөндлөнгийн өмгөөлөгчид уг хурлын үеэр ярьжээ. Тэгвэл Роналду үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр хийсэн хэрэг байхгүй гэдгээ илэрхийлж, энэхүү заваан жүжигт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Португаль залуу “Энэ асуудлыг өдөөж байгаа хүмүүс миний нэрийг барин пиардахыг хүсч байна. Мөрдөн байцаах ажиллагааны үр дүн гарах өдрийг би тайвнаар хүлээн байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин