УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар дэмжлээ. Түүнийг ажлаас нь чөлөөлөх болсон шалтгаан өнгөрсөн наймдугаар сард яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотой бөгөөд тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн байсан юм.
Энэ намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан бөгөөд ийнхүү өнөөдөр хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл дөрвөн хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлэт явдалд дахин уучлал гуйж байна. Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэжээ.