Энэ долоо хоногоос Шинэ Зеланд улсад ирж байгаа хүмүүст шинэ хатуу хууль үйлчилж эхэлжээ. Тус улсын хил, гаалийн ажилтнууд сэжигтэй гэж үзсэн гадаадын болон Шинэ Зеландын иргэний гар утас, компьютер зэрэг дижитал төхөөрөмжинд нэвтрэх эрхтэй болж байна.
Хэрвээ зорчигч гар утсаа нээж өгөхгүй, компьютерын нууц үгээ хэлж өгөхгүй бол 5,000 шинэ зеланд долларын ($3,284 орчим) торгууль төлөх ёстой болжээ. Нэг үгээр хэлбэл нууц үгээ хэл, үгүй бол торгууль төл гэсэн дүрэм үйлчилж эхэлжээ. Шинэ хууль өнгөрсөн Даваа гарагаас үйлчилж эхэлсэн байна.
Дижитал төхөөрөмжинд нь нэвтэрсэн гаалийн ажилтнууд бүх мэдээллийг нь хуулж аваад сэжигтэй агуулга байгаа эсэхийг шалгах, шинжлэх боломжтой болжээ. АНУ зэрэг зарим орнуудад сэжигтэй зорчигчийн дижитал мэдээллийг авч шалгах хууль үйлчилж эхэлсэн. Гэхдээ Шинэ Зеланд зөвшөөрөөгүй тохиолдолд мөнгөн торгууль оноох арга хэрэглэж байгаагаараа анхдагч гэнэ.
Эх сурвалж: Time.Com