Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг энэ сарын 1-нээс хязгаарлах тогтоолыг Засгийн газар гаргасан. Энэхүү шийдвэрийг дагаж мөрдсөнөөр хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нь нэмэх юм.
Дэлхий нийтэд мэдээлэл харилцааны технологи хөгжихийн хэрээр хүн амын дунд нийгэм, эдийн засгийн харилцааны салшгүй нэг хэсэг болоод буй гар утасны хэрэглээ хүүхэд залуусын дунд мөн тэр хэмжээгээр сөрөг үр дагаврыг бий болгож байгаа нь төрөөс бодлогын зохицуулалтыг хийхийг зайлшгүй шаардаж байгаа хэмээн үзэж ийм шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцахаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 болон тавдугаар сургуулиар орлоо. Бид юуны түрүүнд 35 дугаар сургуульд очлоо.
Биднийг очиход сургуулийн гадна талбайд нэлээд олон хүүхэд тоглож байлаа. Тэдний нэг нь ч утас оролдож харагдсангүй. Дотогш ороход мөн адил иймэрхүү дүр зураг нөхцөл байдал угтсан юм. Ингээд бид тус сургуулийн нийгмийн ажилтан З.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.
З.БАЯРСАЙХАН: СУРАГЧДЫН УТСЫГ ХУРААН АВАХ НЬ ЭРСДЭЛТЭЙ УЧИР УНТРААЛГАДАГ
-Цэцэрлэг, сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх шийдвэр Засгийн газраас гаргасныг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, танай сургуулийнхан энэхүү шийдвэрийг хэрхэн мөрдөж байна вэ?
-Маш зөв, оновчтой шийдвэр гаргасан. Хичээл, сургалтын үеэр сурагчид ухаалаг утас хэрэглэх нь сургалтын чанарт ихээхэн нөлөөлдөг. Иймд бид Засгийн газрын 276 дугаар тогтоолыг эцэг эхчүүддээ танилцуулж, гар утсыг хэрхэн хязгаарлах тухай журам боловсруулсан. Тухайн журамд суралцагч ухаалаг гар утсыг хэрхэн яаж хэрэглэх, сурагч, эцэг эх, багш нарын эрх үүргийг тодорхой тусгасан.
Тухайлбал, Боловсролын тухай хуульд заасны дагуу эцэг эх, асран хамгаалагч сургуулийн дотоод журмыг биелүүлэхэд сургуулийн захиргаатай хамтарч ажиллах ёстой. Тиймээс бид сургуулийн дотоод журамдаа гар утас ашиглах тухай тусгачихсан. Харин суралцагч хичээл, сургалтын үеэр гар утсаа ашиглахгүйгээр унтраах үүрэгтэй. Анги удирдсан эсвэл тухайн хичээл орж буй багш сурагчдын утсыг унтраалгана. Сурагчдын утсыг хураан авч хайрцаг саванд хийх нь эрсдэлтэй. Хулгайд алдах нөхцөлийг бүрдүүлдэг учраас нэгдсэн байдлаар гар утсыг нь унтраалгаж, өөрсдөө хадгалдаг. Ийм байдлаар шийдвэрлэсэн.
-Сурагчид завсарлагааны үеэр утсаа асаадаг уу. Аль эсвэл хичээл эхэлснээс тарах хүртэл унтраасан байх ёстой юу?
-Хичээл тарах хүртэл утсаа асаахгүй. Завсарлагааны үеэр утсаа асаах ямар ч боломжгүй. Хичээл дундын завсарлага таван минут байдаг учраас энэ хугацаанд дараагийн багш нь орж ирнэ.
-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаралтай холбогдох шаардлага гарвал яах вэ?
-Сурагчид товчтой, энгийн утас хэрэглэх боломжтой. Гэхдээ хичээл, сургалтын үеэр утасныхаа дууг унтраах ёстой. Шаардлагатай тохиолдолд сурагчид тухайн өдрийн хариуцлагатай жижүүр багшаар дамжуулан эцэгэхтэйгээ холбогдох боломжтой. Мен эцэг эхчүүдэд анги удирдсан багш, сургалтын менежер, нийгмийн ажилтны утасны дугаарыг өгдөг.
-Танай сургуульд хэчнээн хүүхэд суралцаж байна вэ. Тэдний хэд нь ухаалаг утас хэрэглэдэг вэ?
-Энэ хичээлийн жилд 1600 гаруй сурагч суралцаж байна. Үүнээс 670 орчим нь ухаалаг утас хэрэглэдэг. Ихэвчлэн дунд ангийнхан ухаалаг утас барьдаг. Тус сургуулийн хувьд анги удирдсан эсвэл хичээл орж буй баг үүрэг өгч сурагчдаар утсыг нь унтраалгадаг байна. Харин тавдугаар сургуулийн тухайд сурагчид нь ухаалаг утас хэрэглэхээ болиод хоёр дахь жилтэйгээ золгож байгаа аж. Тодруулбал, тус сургуулийн удирдлага багш нар сурагчдыг ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн жил гаргаж мөрдүүлж эхэлжээ. Үүнийг нь эцэг эхчүүд нааштай хүлээн авч дэмжин хүүхдэдээ товчтой утас авч өгсөн байна. Ингэснээр сурагчид хичээлдээ илүү төвлөрч, улмаар сурлагад нь ахиц гарчээ.
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН 96 ХУВЬ НЬ ФЭЙСБҮҮК АШИГЛАДАГ
Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна гэсэн судалгаа бий. Тухайлбал, нийслэл дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 96 хувь нь нүүр ном буюу фэйсбүүк хаягтай бол орон нутгийн сурагчдын 93 хувь нь мөн адил аж. БСШУСЯ Дэлхийн банктай хамтран өнгөрсөн онд нэгэн судалгаа явуулжээ. Түүнд дурдсанаар нийслэл, орон нутгаас сонгосон ерөнхий боловсролын 14 сургуулийн 8-17 насны 1278 сурагчаас 71.8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 50 гаруй хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг утас хэрэглэдэг байна
. Түүнчлэн гуравдугаар ангийн хүүхдүүдийн 40, тавдугаар ангийнхны 68 хувь ухаалаг утастай гэж хариулжээ. Гар утасны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа нь хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир 12 нас хүртэлх хүүхдэд аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөдөг.
Он гарсаар Хүүхдийнтусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, нэлээд хэдэн хүүхэд хамгааллын үйлчилгээ авсан байна. Тэгвэл цахим донтолттой 23 хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэхүү нөхцөл байдал нь ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах зайлшгүй шаардлага тулгараад буйн илэрхийлэл юм.
Тиймээс эхний алхам нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын явцад ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах шийдвэр байлаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хязгаарлалт үйлчлэхгүйн дээр хичээлийн бус цагаар болон сургалт хүмүүжлийн зорилготой үйл ажиллагааг ухаалаг утсаар дамжуулан явуулахыг хориглоогүй.
ОЛОН УЛСАД УХААЛАГ УТСЫГ ХОРИГЛОДОГ УУ
Ухааалаг гар утсыг сургуулийн орчинд хязгаарласан олон улсын туршлага байдаг. Тухайлбал, Японы нэгэн сургуулийн сурагчид 21.00 цагаас хойш ухаалаг гар утас ашиглахыг хориглосон байдаг аж. Бусдыгаа дээрэлхэх үзлээс гадна сурагчдын анхаарал төвлөрөлт, эрүүл мэнд зэргийг бодолцон хотын захиргаанаас ийм шийдвэр гаргасан байна. Эцэг, эхүүд хүүхдийнхээ гар утасны хэрэглээг дээр дурдсан цагаас хязгаарлах бөгөөд интернэт орчинд холбогдох төхөөрөмжийг мөн салгах үүрэгтэй аж. Энэ нь үр дүнгээ өгч, сурагчдын нийгмийн идэвх сайжирч, сурлагын амжилтад нэмэгдсэн байна. Хамгийн чухал нь, багш нар сурагчдад аль болох интернэт орчноос хол даалгавар, бие даалт өгөх хэрэгтэйг сануулжээ.
Дэлхийн 1.1 сая гаруй оюутан төвлөрдөг АНУ-ын Нью-Йорк хотын сургуулиудад сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хоригложээ. Гэхдээ эрсдэлийг тооцож хотын захиргаа тогтоолоо эргэн харж зөвхөн сургуулийн орчин болон оюутны хотхонд ухаалаг гар утасны хэрэглээг хориглосон байна. Өөрөөр хэлбэл, оюутан сурагчид эцэг. эхтэйгээ дуудлага хийх зорилгоор энгийн гар утас хэрэглэх боломжтой.
АНУ-ын Виржиниа, Мэрилэнд хотод сургуулийн орчинд ухаалаг гар утас хориглох заалтыг мөрдөж эхэлсэн байна. Ингэснээр сурагчид хичээлийн цагаар чатлах, нийгмийн сүлжээнд холбогдох, утсаар дамжуулан гэмт бүлэглэлтэй холбоо тогтоож, уруу татагдах зэрэг үйлдлийг таслан зогсоож чаджээ. Зарим сургуулийн сурагчид сургууль руу орохдоо гар утсаа хадгалуулах газарт түр өгч, оронд нь цайны мөнгө авдаг байна. Т.Болор: -Манай хоёр хүүхэд дунд ангид сурдаг. Хоёулаа ухаалаг утас хэрэглэдэг. Ер нь сүүлийн үед хүүхдүүд ухаалаг утас хэтэрхий их хэрэглэж, түүндээ донтож эмнэлэгт хэвтэх тохиолдол гарч байна. Энэ үед ийм шийдвэр гаргасан нь зүйтэй.
Хүүхэд ямар нэгэн зүйлд хурдан автдаг учраас утасны тоглоомд донтох магадлал өндөр байдаг болов уу. Сургууль дээр нь ухаалаг утас ашиглуулахгүй байх шийдвэрийг дунд болон ахлах ангийнхан хүлээн зөвшөөрч, өөрсдийнх нь төлөө гэдгийг ойлгож байна. Тухайн шийдвэрийг дагаж мөрдсөнөөр сурагчдын сурлагад ахиц гарна гэдэгт итгэлтэй байна.
Ц.Уранчимэг: -Хүүхдүүдийг сургууль, анги танхим, автобус унаа, гэр орондоо утас маажиж суухад би дургүй. Манай хоёр хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Хоёулаа ухаалаг утастай байсан. Одоо товчтой утас барьж байна. Гэтэл зарим багш “Самбар дээр бичсэн зүйлийг, энэ номны тэддүгээр дасгалыг утсаараа дараад авчих” гэдэг юм билээ.
Ингэж болохгүй биз дээ. Тэгэхээр тал талдаа хариуцлагатай хандах ёстой. Тиймээс уг шийдвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийнхэн тууштай, хэвшил болтол нь хэрэгжүүлэх хэрэгтэй.
V сургуулийн сурагч Ш.Янжинлхам: -Манай сургуулийн багш нар өнгөрсөн жилээс сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг хориглосон. Ингэснээр бид завсарлагааны үеэр хоорондоо чөлөөтэй харилцдаг. Өөрөөр хэлбэл, амьд харилцаа бий болсон гэх үү дээ. Түүнээс өмнө хүүхдүүд хичээл орж байхад багшаас нууж утсаараа оролддог. Завсарлагааны үеэр утсаараа тоглоом тоглох, видео үзэж, фэйсбүүк ордог байсан. Одоо бол сургууль дээр хэн ч ухаалаг утас хэрэглэдэггүй. Олонх нь товчтой утас барьдаг.
35 дугаар сургуулийн сурагч Ж.Маргад: -Би VI ангид сурдаг. Манай анги 27 хүүхэдтэй. Тэднээс цөөн хэд нь ухаалаг утас хэрэглэдэг. Олонх нь товчтой утас барьдаг. Зарим нь утас огт хэрэглэдэггүй. Ээж аав надад энэ жил утас авч өгсөн. Түүгээрээ би ээж аавтайгаа ярихаас гадна тоглоом тоглодог. Бас фэйсбүүк орж найзуудтай чаталдаг. Гэхдээ саяхнаас эхлэн сургууль дээр болон ангидаа утсаа огт ашиглахгүй байгаа. Зөвхөн хичээлдээ л анхаарал хандуулдаг. Харин гэр рүүгээ харих замдаа утсаараа тоглоом тоглодог.