Нидерландын жижиг тосгоны оршин суугчид АНУ-ын компанитай андуурмаар нэрний ачаар Самсунг Электроникс компаниас үнэгүй, шинэ загварын гар утас авцгаажээ. Appel нэртэй энэ тосгоны нэр Самсунгийн өрсөлдөгч Apple компанийн нэртэй тун ойролцоо сонсогддог. Тиймээс Самсунг маркетингийн арга хэмжээнийхээ хүрээнд зориуд энэ тосгоны 312 оршин суугчийн 50-д нь Galaxy S9 загварын гар утсаа бэлэглэжээ.
Энэ ажиллагаа нь Apple хэрэглэгчид Самсунг хэрэглэгч болж шилжихийг билэгдсэн сурталчилгаа болсон байна. Самсунг компани Apple-ийн хэрэглэгчид рүү шууд чиглэсэн, Apple компанийг элдвээр элэглэж, тохуурхсан маркетингийн ажиллагаа явуулдгаараа алдартай. Тухайлбал тэд нэг удаа Apple-ийн дэлгүүрийн гадна шинэ iPhone худалдаж авахаар урт дараалалд зогссон хүмүүсийг ятган өөрийн шинэ гар утсыг оронд нь авхуулахаар оролдож байсан удаатай.
Мөн Apple компанийн бүтээгдэхүүний сул талыг ил тод өгүүлсэн сурталчилгааг үе үе нийтэд цацдаг. Өнгөрсөн онд Самсунг Испанийн дотоод нислэгийн нэг онгоцны 200 зорчигчид Galaxy Note 8 загвараа үнэгүй бэлэглэж байв. Өмнөх Note 7 загвар нь халж, шатдаг болсноос нисэх онгоцонд авч явахыг хориглож байсан тул тэд ингэж аюулгүй бүтээгдэхүүн гаргаснаа зах зээлд мэдрүүлж байжээ.