Г.САРНАЙ

2018.09.26-ны лхагва гараг. 08.30 цаг.

XIII хорооллын автобусны буудал орчимд хуй босоо юу гэлтэй шороо, тоос манарч байв. Дөхөөд очтол Хот тохижилтын газрын зам, талбайн үйлчлэгч хог, шороо шүүрдэж байлаа. Шүүрээ жигтэйхэн хурдан хөдөлгөж, түүний аясаар боссон шороо тал тал тийш дэгдээд, автобус хүлээж буй хүмүүсийг жигтэйхэн тавгүйтүүлсэн юм даг. Үсээ дөнгөж угаачихаад хатааж амжилгүй гэрээсээ гарсан эмэгтэй зам, талбайн үйлчлэгчийн хоёр талаар нааш, цааш гүйнэ. Тоосноос зугтаж буй хэрэг. Будаг түрхсэн уруулаа арчих эмэгтэй олон байсан юм. Бодвол шороо наалдсан бололтой. Зарим нэг нь найтааж, хог шүүрдэж буй өнөөх цэвэрлэгчийг зэмлэнэ. Үйлчлэгч эмэгтэй үгийн хариуг дор нь барихыг яана. “Би ажлаа хийж байна. Сайн дураараа ингэж зогсоно гэж бодоо юу” хэмээн чанга дуугарснаар түүнд үг хэлэх зоригтон үгүй болж, бүгд ам, хамраа гараараа таглан зогссон.

2018.09.27. пүрэв гараг. 07.50 цаг.

Бөхийн өргөө орчмын замыг цэвэрлэж явсан үйлчлэгч эмэгтэй жигтэйхэн ууртай, автобусны буудал дээр зогсож байсан бүсгүйг загнаж байв. Зам, талбайн үйлчлэгчийн буруугаас болоод бүсгүй удаан хүлээсэн автобусандаа сууж чадаагүй бололтой. Улмаар “Ажил эхлэх цагаар цэвэрлэгээ хийж, зам хаахаа болиоч” гэсэн шаардлага тавьжээ. Гэтэл үйлчлэгч “Миний ажлыг заадаг чи хэн юм бэ. Чи ажилдаа явах гэж байгаа бол би ажлаа хийж байна. Хол очиж зогсохгүй юү. Би чам руу ус цацаа юу” хэмээн өндөр дуу хадааж байх нь тэр.

Өчигдрийн 08.10 цаг.

МУБИС-ийн урд талын автобусны буудал хөл гишгэх зайгүй байлаа. Хүмүүс нааш, цааш түлхэлцэж, автобус даган гүйлдэнэ. Ядахад автобус буудлаас тэртээ хол зогсох юм билээ. Зарим нь бүр авто замын хоёрдугаар эгнээнд зогсож харагдана лээ. Тэгэхээс өөр аргагүй болгосон хэргийн эзэн нь бас л зам, талбайн үйлчлэгч. Шөнө бороо орсон болохоор цэвэрлэгээ хийх үеэр шороо боссонгүй. Харин цэвэрлэгээ хийж байсан эрэгтэйн хогийн сав автобусны буудлыг хааж орхижээ. Усанд урсаж ирсэн хог, модноос унасан навч газраар хөглөрсөн байсныг цэвэрлэхээр үйлчлэгч залуу хогийн сав чирч явсан юм. Түүнээс нь болоод автобус зогсоол руугаа орж чадахгүй замын хоёрдугаар эгнээнд хүн буулгаж, суулгахаас өөр аргагүйд хүрч байв. Эсвэл буудлаас хойно, бүр урд зогсох болсон хэрэг. Ингээд л хүмүүс нэгэнтэйгээ түлхэлцэж, гүйж байсан юм.


Энэ бол өглөө автобусны буудал бүрт болдог үзэгдэл. Гудамжинд таарсан захын хүнээс асуухад энэ байдлыг яриад өгнө. Хотын эрхэм дарга нар өглөө ажилдаа очихдоо ч авто замын нэг эгнээг хаагаад, сав чирч яваа хүмүүсийг хардаг л байлгүй. Төрийн ордны хойно ч эл үзэгдэл өглөө бүр ёс юм шиг давтагддаг шүү дээ.

ЗАМ, ТАЛБАЙН ҮЙЛЧЛЭГЧ НАРЫН АЖИЛ 08.00 ЦАГТ ЭХЭЛДЭГ

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” хотын тохижилт, цэвэрлэгээ арчилгааг хариуцдаг байхад ийм зүйл болж байсан удаагүй. Дүүргүүдийн Тохижилтын хэлтсийнхнээс авхуулаад бүх л зам, талбайн үйлчлэгч үүрийн таван жингээр ажилдаа гарч, эрт тардаг байв. Тэдний цас, мөс цохих хүрзний чимээ цуурайтаж, иргэдийг сэрээдэг байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Хүмүүсийг ажилдаа явах цагаар зам, талбайн үйлчлэгч, цэцэрлэгчид зуны улиралд 08.00 гэхэд ногоон байгууламжаа услаад, зам талбайг хэдийнэ цэвэрлэчихсэн байдаг байлаа.

Гэтэл одоо эсрэгээрээ, Хот тохижилтын газрынхан бараг 08.00 цагт ажлаа эхэлж байна. Уг нь нийслэлийн удирдлага төр, хувийн хэвшлийн гэлтгүй албан байгууллагуудын ажлын цагийг зөрүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бодлого гаргаж буй. Гэтэл Хот тохижилтын газрынхан түүнийх нь эсрэг ажиллагаа явуулаад байна гэхэд хилсдэхгүй. Замын хөдөлгөөний ачаалал гойд ихэсдэг цагаар үйлчлэгч нараараа эгнээ, урсгалыг “эзлүүлж”, усалгааны машинуудаа замын голд зогсоочихоод, хотын иргэдийг автобусны араас гүйлгээд л.

Өдгөө нийслэлийн төв гудамж, гол авто зам гээд 50 мянган ам метр талбайг Хот тохижилтын газрын 320 гаруй үйлчлэгч цэвэрлэж байгаа гэнэ. Төв замын цэвэрлэгээг хариуцдаг хэд хэдэн хүнтэй уулзсан юм. Тэдний хэлж буйгаар зам, талбайн үйлчлэгчдийн тоо цөөрчээ. Мөн авдаг цалин нь ч багасаж. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн үйлчлэгч “Би урьд нь “Улаанбаатар нэгтгэл”-д гурван сар ажилласан. Тухайн үед биднийг 05.00-06.00 цагийн үед ажил эхлэх үүрэг өгдөг байв. Ингэхдээ ажилчдаа байгууллагын унаагаар зөөж, цэвэрлэх газруудад нь хүргэдэг. Би л гэхэд 06.00 цагт ажлаа эхлээд хариуцсан нэг км замаа цаг гаруйн хугацаанд цэвэрлэж дуусгадаг байлаа” хэмээн ярьсан юм.

Тэгвэл өдгөө цэвэрлэгч нар өглөө бүр 07.30 цагт бригадын даргадаа цаг бүртгүүлээд, ажилдаа гардаг болжээ. Арав гаруй хүн нийлээд нэг бригад болдог бөгөөд тус бүртээ нэг даргатай гэнэ. Голдуу орон сууцны зоорийн давхарт өрөө түрээслэн, өглөө бүр тэндээ цугладаг юм билээ. Дарга нь өглөө бүр 07.30 цагт очиж, үйлчлэгч нарын ирсэн, эсэхийг шалгаад, хоцорсон хүнийг удирдлагадаа ховлоно. Цагаа бүртгүүлээд гарсаар байтал нь 08.00 цаг болж, бусадтай зэрэгцэн цэвэрлэгээ хийхээс өөр аргагүйд хүрдэг гэдгээ өөр нэгэн үйлчлэгч учирласан юм. Тэрбээр “Бид нэг хэсэг цалин, хангамж сайтай байлаа. Одоо үнэхээр муудсан.

Илүү цагаар ажилласны хөлс ч өгөхөө больсон. Өнгөрсөн жил бид 07.00 цаг гэхэд ажилаа эхэлдэг байсан. Гэнэт яасан юм бүү мэд, бригадын дарга нарт цаг бүртгүүл гэсэн тушаал Хот тохижилтын газрын дарга гаргасан. Тушаалын дагуу өнгөрсөн хавраас бид 07.30 цагт нэг дор цугларч, ирсэн цагаа бүртгүүлдэг боллоо. Миний ойлголтоор цалин хасах л гэж тийм зүйл сэдсэн бололтой. Яаж ч сайн ажилласан сард 600 орчим мянган төгрөг авч байгаа. Уг нь өнгөрсөн жилүүдэд 06.00 цагт ажлаа эхлээд 16.00 цагт тардаг байсан юм. Гэтэл одоо харуй бүрий болтол ажиллах болсон. Хэдийгээр бид 17.00 цагт тарах ёстой ч хөдөлгөөн эхэлсэн үед ажлаа эхэлсэн болохоор гурван цаг цэвэрлэх замд хоёр дахин их хугацаа зарцуулдаг. Гудамж, талбай дахь хог ч дийлдэхээ байлаа. Ажиллах орчин муудсан болохоор хүмүүс ч эхнээсээ гарч, хоёр хүний ажлыг ганцаараа хийдэг болж байна” хэмээн ярив.

Зам, талбайн үйлчлэгч нарын хэлж буйгаар сургууль, цэцэрлэг гээд бүх байгууллагын үйл ажиллагаа эхлэх үеэр тэдэнтэй зэрэгцэн шороо босгож буй нь Хот тохижилтын газрын дарга нарын буруу байх нь. Ямартай ч зунжин ургамлын харшилд дарлуулаад, дөнгөж хамар нь онгойж буй нийслэлийн иргэд гудамжны тоосонд дээрэлхүүлээд дахиад л “битүүрэх” боллоо. Нийтийн аж ахуйг өөд нь татаж, нийслэлээ цэвэр цэмцгэр байлгах ёстой тэд хотын иргэдийг хорлох төлөвлөгөө хэрэгжүүлж буй бололтой. Хөл хөдөлгөөн эхлэх үеэр энд тэндгүй тоос босгож, хүмүүсийг үргээгээд, үйлчлэгч нараараа хараалгаж байгааг чинь юу гэж ойлгох вэ, Б.Бямбадорж дарга аа.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

3 thoughts on “Хотын иргэдийг “хорлох” төлөвлөгөө”
  1. үнэн шүү цалинг нь нэмээд зун .зургаа өвөл долоон цагт эхэлдэг болгох хэрэгтэй

  2. Энд бичсэн зүйлс арай худлаа байхаа. Төв зам дагуу цэвэрлэж байгаа хүмүүс 6.30 гэхэд ажилдаа гарцан байж байдаг даа. Жоохон голтой юм бичмээр байнаааа

  3. Бат-үүлийг хотын дарга байхад энэ хүмүүсийн цалинг нь нэмээд бүүр гадаадад аялуулдаг байсан биз дээ. Тэр үед гудамж, талбайг арай л дээр цэвэрлэдэг байсан шүү. Цэвэрлэгээний хажуугаар харилцааны соёлд суралцуулахгүй бол болохгүй нь ээ. Ер нь Монгол хүмүүс ямар муухай ааш, авиртай юм бэ. Юм асууж ч болохгүй, үг хэлж ч болохгүй. Урдаас шууд л хэрэлдээд эхлэх юм. Энэ нь ганц стрессээс болоод байгаа биш байхаа. Ерөөсөө Монголчууд маш их бүдүүлэг харанхуй байнаа. Ялангуяа хөдөөнөөс орж хүмүүс андашгүй илүү муухай ааштай байх юм. Жоохон аядуу зөөлөн байцгаая л даа. Гуйж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн