Х.Бадамсүрэн Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаад 2016 оны арваннэгдүгээр сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдсон байдаг.
Түүний АТГ-т УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байхдаа, дараа нь Эрдэнэт үйлдвэрийн захирал болсон үеийн хөрөнгө орлого нэлээд өөрчлөлттэй гарчээ.
Х.Бадамсүрэн УУХҮ-ийн дэд сайд байхдаа жилд 64 сая төгрөг олдог байжээ. Харин Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод жилд 132 348 110 төгрөг олдог болсон байна. Харин гэр бүлийнх нь орлого 169 400 000 төгрөг байснаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болсноос нь хойш 78 066 110 төгрөг болж буурсан байна.
Харин УУХҮ-ийн дэд сайд байхдаа гурван орон сууцтай, нэг үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгатай, авто зогсоол өвөлжөө хаваржаа естэй байсан, тэр нь 2 720 000 000 төгрөгөөр үнэлэгддэг байжээ. Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос нь хойш энэ нь өсч таван орон сууц, гурван үйлдвэр үйлчилгээний барилга, таван авто зогсоол, өвөлжөө хаваржаатай болсон байна. Эдгээрийнх нь үнэ 2 750 000 000 төгрөг болж өсчээ.
УУХҮ-ийн дэд сайд байхдаа “LEXUS-470”, “Mercedes Benz- S320” гэсэн 75 сая төгрөгийн хоёр машинтай байсан бол Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод 35 сая төгрөгийн үнэтэй “Mercedes Benz- S320” машинтайгаа үлдсэн байна.
Малын хувьд дэд сайд байхдаа 250 адуу, 40 үхэр, таван тэмээ, 50 хонь, 60 ямаа, хурдан удмын 50 адуутай, түүнийгээ 635 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос нь хойш ямаа нь 20-оор хорогдож, үхэр нь зургаагаар өссөн ч үнэлгээ нь 356 сая төгрөг болж буурсан байна.
Тэрбээр 3.0 га, 280 мкв, 582 мкв, өмчлөх 200 мкв, 700 мкв газруудтай. Эдгээр нь 70 сая төгрөгөөр үнэлэгддэг байснаа Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос нь хойш 60 сая болж буурчээ. Түүнд байдаг үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлүүд 340 саяын үнэтэй. Тэр нь харин “хөдлөөгүй” байна.
Дэд сайд байхдаа дансандаа 19 566 660 төгрөтэй байсан бол Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод 65 120 730 төгрөтэй болсон байна.
Нэг хүнээс 90 сая төгрөг авах ёстой юм байна. Түүнийгээ Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод ч авч чадаагүй гэж АТГ-т мэдүүлжээ.
Харин дэд сайд байхдаа ХААН банкнаас 15 сая төгрөгийн зээл авсан гэж байсан бол Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод Голомт банк, иргэн Ж.Рэнцэн-Амгалан нараас 147 сая төгрөг зээлсэн байна.
Х.Бадамсүрэн “Тун-Эрдэнэ фарма” ХХК-ийг 100 хувь, “Замбатив” ХХК-ийн 50 хувь, “Замбативийн шим” ХХК-ийн 95 хувь, “Баянцогт шим” хоршооны 20 хувь, “Монголжонш нэгтгэл” ХХК-ийн есөн хувийг тус тус эзэмшдэг байв. Тэдгээрийн дүрмийн сан нь 281 623 000 төгрөг байжээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн захирал болоод “Монголжонш нэгтгэл” ХХК-ийнхаа хувийг “алга болгож”, оронд нь “Таван толгой” ХК-ийн хувьцаатай болсон байна. Ингэсний дараа нийт үнэлгээ нь ч 273 623 000 төгрөг болж буурчээ.
Мөн тэрээр өөрийнхөө нэр дээр патент нэгийг, эрх нэгийг эзэмшдэг юм байна.
Эндээс харвал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос нь хойш жилийн дараа өгсөн мэдүүлэгт өөрийнх нь орлого, үл хөдлөх хөрөнгө нь нэмэгдсэн байна.
Ингэх үндэслэл байж ч магадгүй юм. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн өмнөх захирлууд урамшуулал нэрээр үйлдвэрийн санхүүгээс хэдэн зуун саяар нь “хусдаг” байсан мэдээлэл бий. Тиймээс энэ уламжлал одоо ч хэвээрээ биш байгаа даа гэсэн хардлага байгаа юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”