Монгол Улсын Засгийн газраас мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх бодлого баримталж байна. Энэ ч үүднээс УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар (хуучин Мал эмнэлэг, үржлийн газар) санаачлан жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг бүх нийтийн аян хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Уг ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг хуваарьт төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, 2018 онд бог малын 30 хувийг мал угаалгад хамруулах зорилт тавьсан юм. 2018 оны есдүгээр сарын 27-ны байдлаар аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд 16,2 сая малыг угаалгад хамруулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна.
Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилсан. Мөн малын өвөлжөө, хаваржаа, уст цэг, агуулах гээд нийт 18295 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байгаа юм. Одоогийн байдлаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг Өвөрхангай, Дундговь, Төв аймагт явагдаж байгаа бөгөөд 95-98,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Малаа жилд нэг удаа, халдварт болон халдварт бус өвчний үед жилд хоёр удаа зайлшгүй угаалгаснаар шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ.
Мөн малын арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуурын чанар, гарц дээшилж, түүхий эдийн үнэ цэнэ өснө. Түүнчлэн махны гарц 15 хувиар нэмэгдэж, малчдын орлого 30 хувиар өсөж, экспорт нэмэгдэх ач холбогдолтой. Ийнхүү Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газраас малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ