Олны ярьж заншсанаар Дархан, Сэлэнгийн чиглэлийн зам, түүнийг дагасан айл өрх, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой зураг тавьж байгаад он цагийн хувьд хоорондоо нэлээд зайтай хоёр түүх сөхье.
Тэртээ 30-аад жилийн өмнө юм. Худалдаанд гараад удаагүй “МОНЕЛ” зурагт сонирхож, маргааш нь 4500 төгрөгөөр авахаар шийдээд, унтаад сэртэл өнөөх маань 9000 болчихсон байж билээ. Алдарт 20 дугаар тогтоол хэрэгжиж, энэ тухай сэжиг ч үгүй суусан хүмүүс гэнэтийн цохилтод орж байсан түүх өдгөө хуучирчээ. Оюутан бид Оросоос авчирч боломжийн үнэ хүргэн борлуулсан хэдэн хос гутлын орлого тухайн үед олигтой юм болоогүйд ихэд харамссаар “нутаг” буцаж билээ. Тэгэхэд юу болох гэж байгааг мэдээгүй хүмүүс, тэр дундаа эгэл ардууд хохирч, харин мэдээлэлд ойр, өөрөөр хэлбэл төрд дээгүүр алба хашдаг, мөнгөний ханшийг бодлогоор унагах гэж байгааг мэдсэн хүмүүс хожсон гэдэг юм. Тэрхүү мэдээлэлтэй нөхөд өөрсдийнхөө мөнгө санхүү, элдэв сан хөмрөгтэй холбоотой бүхий л асуудлыг зохицуулсан байсан. Ах дүү, ойр дотнынхондоо ч дуулгаж сэрэмжлүүлсэн байж билээ.
Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн замын шинэчлэл, засварын ажил эхлэхтэй холбогдуулан тус замын хоёр талаар хүйтэнтэй өрсөн хашаа хатгаж, байшингийн суурь тавьж байгаа нь иргэдийн дунд “Зам засварт зориулж газраа чөлөөлбөл улсаас нөхөн төлбөр өгдөг” гэсэн яриа “тэнүүчилж” буйтай холбоотой болов уу. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг “61-ийн гарам”-д
Одоогоос хэдхэн сарын өмнө Налайхын чиглэлийн замыг өргөсгөх нь, ажил удахгүй эхлэх гэж байна гэсэн мэдээлэл дөнгөж “цухуймагц” уг замын хоёр талаар болсон, болоогүй хашаа хатгаж, сарампай ч болов байшин бариад эхэлснийг санаж байгаа байх. Мэдээлэлд ойр хүмүүсийн дохио зангааны үзүүрт хөдөлж, нэг ёсондоо зарагдаж байдаг хүмүүс байдаг л даа. Гагцхүү дээрээс очиж буй мэдээлэл хэр бодитой вэ, баттай эх сурвалжийн уу, үгүй юү гэдэг нь ялгаатай. Хэн яах нь бусдад хамаагүй мэт боловч “дээр”, “дээгүүр” гэх үл үзэгчдэгч шат, орон зайд тоглогчдын бүлэг олон жилийн өмнө бий болж, үе улиран цус сэлбэсээр хүрээллээ улам батжуулж, нийгмийн амьдралд ямар нэг байдлаар нөлөөлсөөр байгаа билээ.
Өдгөө төрийн зүгээс хэрэгжүүлж эхлэх гэж буй томоохон ажил, төсөл бол Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн замын шинэчлэл, засвар юм. Албан ёсны нэр нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”. Энэ замын тухай өмнө нь Концессын гэрээгээр шинээр барих гэж байгаа хэмээн нэлээд хугацаанд ярьсан. Гэвч ажил гүйцэтгэх компани нь санхүүжилт босгож чадахаа байсан тул замын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсноо Засгийн газарт мэдэгдсэн юм билээ. Байдал нэгэнт ийм болсонд Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, АХБ-тай ярилцаж эхэлсэн гэдэг. АХБ харьцангуй богино хугацаанд шийдвэр гаргаж, зээлийн гэрээ байгуулснаар өдгөө зам засварын ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах шатанд ирээд буй юм билээ. Засварын ажлыг ирэх хавар эхэлнэ. Одоогоор гүйцэтгэгч компанийг шалгаруулах тендер ч зарлаагүй байгаа.
…Дээгүүр, өнөөх мэдээлэлд ойр, үл үзэгдэх шатанд ажиллаж, амьдардаг нөхөд мэдэмхийрч найз нөхөд, ах дүү, садандаа “За, наагуур чинь зам өргөсгөх гэж байна. Танай объект өртөхөөр бол их хэмжээний нөхөн олговор өгөх юм байна. Хурдхан хашаа бариад ав, байшин босгоодох” гэсэн болов уу…
Олон нийт “Дарханы” замыг бүхэлд нь дөрвөн эгнээтэй болгож, шинээр тавина гэсэн хүлээлт, мөрөөдөлтэй байдаг. Тэрхүү их санасан хүлээлт ойрын хэдэн жилдээ биелэхгүй нь. Одоо хэрэгжүүлэх төслөөр бол өнөө байгаа замыг шинэчлэн, сайжруулах л юм.
Налайхын зам өргөсгөх сургаар дутуу хагас барьж эхлүүлсэн байшин балгас болж, яаран дааран чирч аваачсан чингэлгүүд айраг, хуушуурын цэг болсхийгээд намжсан.
Гэтэл өдгөө “Дарханы” замын өргөтгөл, засварын ажлын сургаар замын хоёр талаар хэд хэдэн цэгт байшингийн суурь шинээр тавьж, хашаа хатгажээ. Иргэдийн дунд “Зам өргөтгөх явцад хэрвээ айлын гэр, байшин, хашаа нь шинээр бий болох замаас 50 метрээс дотогш зайд байршихаар болбол, өөрөөр хэлбэл улс тухайн айл, аж ахуйн нэгжийг тодорхой хэмжээний газраар хохироох нөхцөл байдал үүсгэвэл зохих хэмжээний нөхөн төлбөр олгох юм” гэсэн ойлголт, яриа байгаа юм билээ. Сурвалжилгаар явж байхад энэ мэт яриа иргэдийн итгэл үнэмшил болоо юу даа, тийм болохоор ирээдүйд нөхөн төлбөр хүртчих гэсэн санаагаар яаран хашаа барьж амжив уу, жижигхэн ч гэсэн байшин босгох гэв үү гэж анзаарагдсан хэд хэдэн байршил байсан юм.
Тэдгээрийн нэг нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь “Байгал” сууринд түүхий эд худалдан авах цэг ажиллуулдаг айлынх. Нийслэлээс 49, харин 22-ын товчооноос 27 км-т байх урагшаа, хойшоо чиглэсэн олны хөл тасардаггүй боломжийн байршилд төвхнөн амьдарч, ажил, үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн “эдлэн”. Эднийх түүхий эд авдаг цэгийнхээ хажууд шинээр байшин барьж байна. Мөн замын нөгөө талд хэдхэн хоногийн өмнө томоохон хашаа хатгаж авчээ.
Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Байгал” суурин дахь түүхий эд авах цэгийнхэн хашаагаа замд тулган хатгажээ
Жишээ болгож энэ айлыг онцолж буйн учир нь иргэдийн дунд буй, дээр бичсэнчлэн нөхөн төлбөр авах магадлалтай хэмээн санаж мөнгө хөрөнгө зарж хашаа ч хатгаж, байшин ч барьж буй юм биш байгаа гэж бодсоных. Зам, тээврийн яамнаас авсан мэдээллээр бол тухайн замын засвартай холбоотой зурвас газрын судалгааг хэд хэдэн удаа хийсэн бөгөөд одоо хэрэгжүүлэх төсөлд өнгөрсөн зургадугаар сард нягталсан дүнг баримталж ажиллах юм байна.
Үүнээс хойш улсын төв, олон улсын чанартай замын дагуу 50 метрээс дотогш зайд иргэн, аж ахуйн нэгж хашаа, байшин зэрэг ямар нэг объект барьсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр буулгаж, зайлуулах хуулиар хүлээлгэсэн үүрэгтэй аж. Мөн олон жилийн өмнө ч бай хуулиар хязгаарлаж, тогтоосноос дотогш талбайд хашаа, байшин барьсан бол тэр нь хууль зөрчсөн үйлдэл учраас, зам өргөтгөх явцад холдуулах шаардлага гарвал иргэн ч бай, аж ахуйн нэгж ч бай тухайн газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй юм байна. Хашаа, байшинг буулгах, зөөж, зайлуулах ажлыг иргэд, байгууллага мөн өөрсдийн хөрөнгөөр хийнэ.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Алтанбулагийн зам засварын ажлыг хийж гүйцэтгэхэд замын хоёр талын айл, аж ахуйн нэгжид газар болон бусад өмчид нь халдсаны төлөө улсаас нэг ч төгрөг олгохгүй ажээ. Тийм атал иргэдийн дунд улсаас нөхөн төлбөр авах тухай ойлголт, сураг байсаар байгаа нь “дээр”-ээс буусан ташаа мэдээллийн ул мөр гэлтэй. Дээгүүр, өнөөх мэдээлэлд ойр, үл үзэгдэх шатанд ажиллаж, амьдардаг нөхөд мэдэмхийрч найз нөхөд, ах дүү, садандаа “За, наагуур чинь зам өргөсгөх гэж байна. Танай объект өртөхөөр бол их хэмжээний нөхөн олговор өгөх юм байна. Хурдхан хашаа бариад ав, байшин босгоодхо” гэсэн болов уу.
Хэрвээ тийм бол тэртээ 30-аад жилийн өмнө “дээр” амьдардаг нөхөд 20 дугаар тогтоол гарах гэж байгааг хавь ойрынхондоо дуулгаснаар тус хүргэж, бусад хүн хохирч байгааг харж баясаж байсан бол энэ цаг үеийнхэн найз нөхөд, ах дүү, садандаа ус балгуулах бололтой. Тухайлбал, энд жишээ болгож буй айлынх замын эргэлтийн даялалд, өөрөөр хэлбэл, эгнээ нэмж, өргөсгөх магадлалтай цэгт байдаг юм билээ. Тийм аваас яамнаас барьж байгуулсныг нь буулгуулж таарах бөгөөд айлынхан өөрийн хөрөнгөөр талбай чөлөөлөх нь. Нийслэлээс Төв аймгийн Баянчандмань сум хүртэл явахад анхаарал татсан энэ мэт цэг нэг бус байсан тул сануулах, сэрэмжлүүлэх үүднээс ийн бичив. Хохирохын цагт “дээр”-ээс ташаа мэдээлэл шидэгсэд туслахгүй л болов уу.
Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн, шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулах юм. Энэ чиглэлийн авто зам дагуу судалгаа хийж, эвдрэл, гэмтэл их, огцом эргэлт, өгсөлт, уруудалт олонтой, үзэгдэх орчин хангалтгүйгээс хамгийн их осол гардаг есөн цэгтэй болохыг тогтоожээ. Тиймээс уг есөн хэсгийн замыг өргөтгөж нэмэлт эгнээ барих бөгөөд тэмдэг тэмдэглэгээг сайжруулах аж. АХБ-ны зээлийн 60 сая ам.доллар буюу 150 тэрбум төгрөг нь ердийн зээлийн ангилалд багтаж буй бөгөөд 27 жилийн хугацаатай. Эхний долоон жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх бол дараагийн 20 жилд үндсэн зээл дээр нэмэх нь 0.6 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэй ажээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
1 comment
шунал аа гэж… Хөөрхий дөө өрөвдмөөр ч юм шиг… Ккк…