Багагүй хүлээлт үүсгэсэн намрын чуулганыг ирэх даваа гарагт нээнэ. Энэ удаагийн чуулганы эхэнд 2019 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Цаашлаад Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаад байгаа юм.
Энэ тухайд УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт захирамж гаргасан. Ингэхдээ намрын чуулганаар 25 асуудал хэлэлцэхээр тогтсон юм. Хаврын чуулганыг өндөрлүүлэхтэй зэрэгцэн ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай хэмээн нэр бүхий гишүүдийн зүгээс шахалт үзүүлсэн. Улмаар өнгөрсөн зун хоёр ч удаа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод өгөөд байв.
Үүний дагуу чуулганыг ээлжит бусаар хуралдуулах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд үүрэг болгосон ч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байсаар өдийг хүрсэн. Ийнхүү чуулган завсарласан өдрүүдэд хуралдуулахыг шаардсан нь Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүн. Тэдний зүгээс “60 тэрбум”-ын гэх хэргийг нэг тийш болгож, иргэд сонгогчдод энэ талаар тодорхой, ойлгомжтой мэдээлэл өгөхийг хүссэн.
Улмаар үүнтэй холбоотойгоор АТГ-ын удирдлагуудыг яаралтай солих хэрэгтэй гэх шахалтыг ч Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж, Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй хүч хавсарсан юм. Гэсэн ч ирц бүрдүүлэх УИХ-ын гишүүдийн зүгээс дээрх хүмүүсийн тавьсан шаардлага нь “УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулах шалтгаан биш” гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Ямартай ч, энэ мэт асуудлыг нэг тийш болгох чуулган нээлтээ хийх гэж байна. Намрын чуулганы бас нэг хүлээлт нь яалт ч үгүй Үндсэн хуулийн өөрчлөлт. Үе үеийн парламент “эцэг” хуулийг өөрчлөхөөр төсөл боловсруулж ирсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Харин энэ удаад нэг нам үнэмлэхүй олонх байгаа үед уг хуулийг өөрчлөх нь цагаа олсон ажил гэж үзэх хүн олон байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин