Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17 буюу балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр. Энэ өдөр хайр сэтгэлээ бататган, нэгэн дээвэр дор дэр нэгтгэн хамтран амьдрахаар шийдсэн хосууд Хуримын ордонд гэрлэх ёслолоо үйлддэг. Жил бүрийн энэ өдөр хуримын ордон хөл хөдөлгөөнтэй байж, Монгол улсын шинэ өрх гэрүүдийн тоог олноор нэмдэг уламжлалтай.
Тэгвэл өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 61 хос гал голомтоо бадрааж буй ажээ. Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх гэж буй хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгч, мөн гэрлэлтийн баталгаагаа заавал авсан байх шаардлагатай байдаг. Залуу хосууд 10-20 минутын гэрлэх ёслол үйлдэхэд ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759-869 мянган төгрөг төлдөг байна. Харин Балжинням, Дашнням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдөр хуримын ёслол үйлдэхэд нэг сая 276 мянган төгрөг төлдөг аж.