Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4-р баг “Цагаан чулуутын гүүр” гэх газарт зам тээврийн ноцтой осол гарлаа. Ослын улмаас нэг хүн нас барж, гурван хүний биеийн байдал хүнд, тус аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.
“Тоёота приус-11” маркийн автомашины жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын Б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөн онхолдож, улмаар 100 метрийн цаана зам дээр зогсож байсан “Тоёота Ланд крузер-200” маркийн автомашиныг мөргөсөн байна.