Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид өчигдөр/09.25/ хуралдаж, хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн 2018 оны амжилтын эрэмбийг хуучин эрэмбэлж ирсэн журмаараа эрэмбэлэх бөгөөд 2019 оны наадмаас хойш аймгийн цолтой бөхчүүдийн улсын наадамд 3, 4 давсан амжилтыг тооцохгүй байхаар шийдвэрлэлээ.
Эрэмбэ зөрчиж оноолт хийсэн Завхан, Дархан-Уул, Хөвсгөл, допинг хэрэглэж эрх нь түдгэлзсэн бөхчүүдийг барилдуулсан Налайх, Говь-Алтай, Говь-Сүмбэр, аймгийн баяр наадмын албан ёсны мэдээллээ МҮБХ-нд ирүүлээгүй Баянхонгор, Хэнтий аймгуудын 2018 оны наадмаар шөвгөрсөн бөхчүүдийг АЦЦБөхчүүдийн эрэмбэнд оруулахгүй, өөрөөр хэлбэл хуучин цол эрэмбээр нь барилдуулна.
2. БСШУСЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, МҮОХ-ны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд авсан явцын шинжилгээнд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном нараас хориотой бодис илэрсэн байна. Иймд Биеийн тамир спортын тухай хуульд заасны дагуу Т.Пүрэвсүрэнгийн улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргалаа.
3. Нэр бүхий бөхчүүдээс ирсэн Говь-Алтай аймгийн 2014 оны баяр наадам, Багануур дүүргийн 2015 оны баяр наадмыг хүчинтэйд тооцуулах хүсэлтийг хэлэлцээд дээрх аймаг, дүүргийн 2014, 2015 оны наадмууд Баяр наадмын тухай болон бусад хэд хэдэн хуулиудтай зөрчилдөж байгаа учир тухайн наадамд барилдаж шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг дээшлүүлэх боломжгүй гэж шийдвэрлэв.
4. Дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдийн төлөөлөл “Бөхийн барилдааныг тасалдуулахгүй байх, барилдааны хуваарь, сахилга бат, жудгийн талаар” тодорхой санал дэвшүүлснийг хэлэлцээд Тэргүүлэгчид аймаг цэргийн цолтой бөхчүүдтэй 2018 оны 10 дугаар сарын эхний 10 хоногт уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсохоор товлолоо.