Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.ДОЛГОРСҮРЭНТЭЙ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаар ярилцлаа.
-Үнэт цаасны зах зээлийг СЗХ хянан зохицуулдаг. Аливаа хувьцаа, хувьцааны зах зээл, үнэт цаас гаргах болон анхдагч, хоёрдогч арилжааг эхлүүлэх нь танай хорооны асуудал. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны талаар СЗХ өнгөрсөн хугацаанд ямар байр суурь баримталж, юу хийв гэдгээс яриагаа эхлэх үү?
-УИХ болон Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэнд,10 хувийг аж ахуйн нэгжид эзэмшүүлэх 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгох мөн 1072 хувьцааг 1.0 сая төгрөгтэй дүйцүүлэн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоох зэрэг олон шийдвэр гаргасан. Эдгээр шийдвэрийн нэг нь арилжаа эхлэх хүртэл иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлийг тогтоосон явдал юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр 1072 хувьцаа энэ нөхцөлдөө хэвээр байна. СЗХ-ноос УИХ, Засгийн газрын шийдвэрт тухай бүр оролцож, саналаа өгч, бодлогын хүрээнд дэмжиж, байр сууриа тодорхой илэрхийлж байсан. Хуулиараа СЗХ бол хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллага. Иймд дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд шат дараатай ажлыг хийж ирсэн. 2015 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаа эзэмшлийн байдлыг баталгаажуулах асуудлыг шийдвэрлэсэн.
Хувьцаа эзэмшигчид гэдэгт төр, 2.4 сая иргэн, 553 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа хэрэг юм. Компанийн ордын ашиглалтын тусгай найман зөвшөөрлийг 11.196 их наяд төгрөгт дүйцүүлэн үнэлүүлж, хувьцааг баталгаажуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайланд тусгуулсан. Асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөмж, албан хүсэлт хүргүүлэх зэрэг олон арга хэмжээ авсан. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК нь улсын бүртгэлд хувьцаат компанийн хэлбэрээр бүртгэгдсэн боловч Компанийн тухай хуульд заасны дагуу нээлттэй, хаалттай хэлбэрээ тодорхой болгоогүй байсан.
СЗХ-ноос компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд шаардлага хүргүүлсний үндсэн дээр өнөөдөр болох хувьцаа ээзмшигчдийн хурлаараа эцэслэн шийдвэрлэхээр болж байна.
-Төрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд хуваарилсан 1072 хувьцааг хоёрдогч зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг сүүлийн үед нэлээд эрчимжүүлж байна. Үүнд СЗХ ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК эхний алхамд үнэт цаас гаргахажиллагаагаа хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Улмаар үнэт цаас бүртгүүлэх тухай хүсэлт, үнэт цаасны танилцуулга, холбогдох бичиг баримтыг СЗХ-нд ирүүлнэ. Бид уг хүсэлтийг хянаж, хөрөнгийн зах зээлийн нэгж бүтээгдэхүүн болохынх нь хувьд хувьцааг эдийн засгийн болон санхүү, үнэт цаасны орчин нөхцөлтэй нь уялдуулан нягтална. Компани хувьцааныхаа ирээдуйг хэт өөдрөгөөр төсөөлсөн, хийсвэрээр сэтгэсэн эсвэл улстөржсөн байдлаар төлөвлөж, арилжааг эхпүулбэл энэ ажил урт наслахгуй.
Өнөөдрийн байдлаар бид компани болон арилжаа эрхлэгч, андеррайтер байгууллагуудтай хамтраад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэг бүр нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 15 тэрбум ширхэг энгийн зарласан хувьцаа, үүний 80 хувь буюу 12 тэрбум ширхэг нь гаргасан хувьцаа байхаар тогтоогоод байна. Мөн “ҮЦТХТ” ХХК дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн тоог эцэслэн гаргаж, бүртгэлийг цэгцэлж байна.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэнд эзэмшүүлэхээр анх шийдвэрлэсэн. Гэтэл тухайн үед шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, гадаад улсад оршин сууж байсан, мөн эрхээ хязгаарлуулсан иргэд хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй тохиолдол байсаар байна.
Мөн тогтоол гарсан өдрөөс хойш төрсөн хүүхдийн эзэмших эрхийг хэрхэх вэ гэх мэт асуудал ч байна. Энэ бүхнийг цэгцэлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны эзэмшлийн бүтцийг эцэслэсний үндсэн дээр хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх боломж нөхцөл нь бүрдэнэ.
-Цэгцлэх шаардлагатай асуудал нэлээд байгаа юм байна. Ер нь 1072 хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгохын тулд СЗХ ямар нөхцөл шаардлага тавьж, хэрхэн хянаж ажиллаж байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК олон нийтэд үнэт цаасаа албан ёсоор санал болгон /IРО/ гаргаагүй шүү дээ. Тэгэхээр СЗХ-ны үнэт цаасны бүртгэлд бүртгээгүй байгаа. Олон нийтэд үнэт цаасаа гаргах ажиллагаа нь компанийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээс гадна компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зах зээлийн нөхцөл байдал, компанийн засаглал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг.
Цаг хугацаа их зарцуулдаг мэргэжлийн үйл ажиллагаа болдог. Мөн СЗХ-ны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд бүртгүүлэхийн тулд компани холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан байхаас гадна хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн тайлан тэнцэл, хууль зүйн дүгнэлт, тухайн компанийн өр төлбөр, алдагдал, хөрөнгийн үнэ цэнэ, их хэмжээний хэлцэл хийсэн байдал, сонирхпын зөрчилтэй хэлцэл хийсэн байдал, хөрөнгийн биржийн дүгнэлт зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр бүртгэх шийдвэрийг гаргадаг зохицуулалттай.
Тиймээс л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хэлбэрээр бүртгүүлэх буюу хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан зохион байгуулахад ихээхэн хэмжээний бэлтгэл ажил шаардлагатай юм. Бэлтгэл ажлыг олон улсын стандарт, холбогдох хууль, журмын хүрээнд хэрхэн хангахаас тус компанийн цаашид хөрөнгийн зах зээл дээр нэмэлт хувьцаа гаргах замаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах ажил амжилттай хэрэгжих эсэх гэх мэт ирээдүйн олон асуудлыг тодорхойлдог. Цаг хугацаа ч шаардана. Нэмж хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын биржид үнэт цаас гаргасан тохиолдолд танилцуулгад тусгасан хөрөнгийг 100 хувь татан төвлөрүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараах боллоо гэхэд ямар сувгаар тараах вэ?
-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 14.75 хувийг эзэмшиж буй 2.897.277 хувьцаа эзэмшигч байна. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг “ҮЦТХТ” ХХК дээр иргэн бүрийн нэрээр баталгаажуулсан. Иргэн үнэт цаасны компаниар дамжуулан данс нээлгэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа уг дансанд шууд шилжиж орно. Иргэд үнэт цаасны хадгаламжийн данстай болсноор зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гэлтгүй үнэт цаасны зах дээрх бүхий л хувьцааны арилжаанд оролцох, ногдол ашгаа авах боломжтой.
-Хувьцааны эрхийг нээмэгц Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээрх данс идэвхжинэ. Хувьцаа эзэмшигчдийн өвлөх, бэлэглэх гээд бүхий л эрх нээгдэнэ. Бирж дээр арилжаа эхэлмэгц иргэд олноороо хувьцаагаа зарах, арилжаалах үзэгдэл гарч болзошгүй юм. Энэ тохиолдолд эерэг болон сөрөг ямар үр дагавар гарч болох вэ?
-Үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд хоорондын аливаа хэлбэрийн захиран зарцуулалтыг тодорхой хугацаагаар хориглосон. Холбогдох хууль, журмаар хувьцаат компанийг хаалттай хэлбэрээр бүртгэх нь хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг эцэслэн цэгцлэх, баталгаажуулах, тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэх бололцоог олгодог. Хаалттай ХК-ийн хувьцааг үүсч болох зарим эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс худалдах, бэлэглэхийг тодорхой хугацаанд хязгаарлах хууль эрх зүйн боломж бий.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны арилжааг эхлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулснаар олон нийтийн санхүүгийн боловсрол, мэдлэг нимгэн байгаа энэ цаг үед хэд хэдэн эрсдэл гарч болзошгүйг уншигчдад сануулах нь зүйтэй. Хувьцаа эзэмшигчдийн хооронд хувьцаагаа худалдах бололцоог нээх нь хувьцааны ханшийг унагах, хуурамч хэлцэл хийх зэрэг олон сөрөг үр дагаварт хүрч болзошгүй. Мөн бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан далд арилжаа үүсэхийг үгүйсгэхгүй. Харин өв залгамжлал харьцангуй эрсдэл багатай, иргэний язгуур эрхийн нэг юм.
Иймд өв залгамжлах эрхээ нээхийг хүлээж буй иргэдэд боломжийг олгох ба энэ нь зөвхөн хууль ёсны өв залгамжлагчдад, нарийн журмын дагуу явдаг үйл ажиллагаа юм. Өв залгамжлалыг бүртгэснээр тухайн иргэн дансаа нээлгэж, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх үед өв залгамжлалын асуудлаар давхар ачаалал үүсгэхгүй байх ач холбогдолтой.
-1072 хувьцаа хоёрдогч зах зээлд гарах нь хувьцааны зах зээлд яаж нөлөөлнө гэж Хороо харж байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалсан тохиолдолд хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь мэдээж юм. СЗХ-ноос жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах үйл ажиллагаа, мэдээлэл тайлагналын ил тод байдал, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, засаглалд хяналт тавьж ажиллана. Хувьцаа өөрөө компанийн засаглалыг сайжруулах нэгэн том хүчин зүйл юм
-Хувьцааны үнэ ханш унах зэрэг болзошгүй эрсдэл, сөрөг үр дагавраас хэрхэн сэргийлэх вэ. Үүнд хяналт тавих ч юм уу ямар нэгэн хязгаарлалт тогтоох боломж бий юү?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны арилжаа эхлэхэд нийлүүлэлт нь эрэлтээсээ давах магадлал байхыг үгүйсгэхгүй. Зах зээлийн зарчмаар хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөгөөс унах эрсдэл үүсч мэднэ. Иймд нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор хувьцаа эзэмшигч иргэд хувьцаагаа хэсэгчлэн буюу 100-200 ширхэгээр арилжих, мөн шат дараалан арилжих бодлогыг хэрэгжүүлж болох юм, Гэхдээ энэ нь хувьцаа эзэмшигчид болон хувьцааны үнэд эерэгээр нөлөөлж чадах эсэх нь тодорхой бус юм.
Энэ мэт эрсдэлээс урьдчилан сэргийлж юуны өмнө компаниар 2019 оноос эхлэн ногдол ашиг хуваарилуулах стратегийг баримталж байна. Өөрөөр хэлбэл, хувьцааны өгөөжийг нэмэгдүүлж, хувьцаагаа зарахгүй байж гэмээнэ жил бүр ногдол ашиг хүртэнэ гэсэн ойлголтыг иргэдэд өгөх замаар хувьцааны нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж болох юм.
Нөгөө талаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах чиглэлээр ажиллах, санхүүгийн томоохон төвүүдэд танилцуулга хийх зэрэг арга хэмжээ авч, хувьцааны эрэлтийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Мөн эхний ээлжид дотоодын бирж дээр хоёрдогч арилжааг эхлүүлэлгүйгээр гадаадын томоохон биржүүдэд төрийн мэдлийн хувьцааг гаргах замаар иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны үнийг барих бодлогыг хэрэгжүүлэх нь чухал гэсэн байр суурьтай байна.
У.Орхон
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин