Зээлийн хүүг бууруулах хэлэлцүүлгийг Монголбанкнаас зохион байгуулав. Зээлийн хүүг олон улсын зээлийн хүүтэй харьцуулж, бууруулах боломж бий эсэхэд судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнгээр Дэлхийн банкнаас гаргасан ангиллаар Монгол Улс зээлийн нэрлэсэн хүү нь харьцангуй өндөр.
Хадгаламжийн хүү нь маш өндөр гэсэн ангилалд багтсан байна. Эдийн засагт оролцогч талууд болоод шийдвэр гаргах төвшнийхөн, хөрөнгө оруулагчид зээлийн нэрлэсэн хүү гэхээс илүү зээлийн бодит хүү , мөн зээлийн хүүний зөрүүг харж шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, зөрүү болон бодит хүүгийн төвшнөөр төв Европын орнуудтай ижил төвшинд байгаа гэсэн үг аж. Нөгөө талаар нэрлэсэн хүүгээрээ төв Африк, латин Америкийн орнууд, баг болон дундад азийн орнуудтай ижил байгаа юм байна.
Бодит хүүгийн төвшин өндөр байгаа нь инфляцын төвшин бусад орнуудаас өндөр байгаатай холбоотой. Зах зээлд тогтоосон нэрлэсэн хүүгээр бол хэвийн байна гэж судалгаа харуулжээ. Бусад орнууд санхүүгийн тогтолцоог либералчлах, инфляцын хүүг нам, тогтвортой барих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр зээлийн хүүг бууруулсан туршлага бий. Бразил улс хамгийн муу зээлтэй оронд оржээ. Эдний зээлийн хүү 53 хувьтай.
Инфляц маш өндөр учраас иргэд мөнгөө банканд хадгалах сонирхолгүй. Эсрэгээрээ хадгаламжийн өртөг нь өндөр байдаг учраас зээлийн хүү нь ийнхүү өндөр байдаг юм байна. Тэгэхээр инфляц нам байснаар зээлийн хүү буурах, бага байх нөхцөл бүрддэг гэдгийг судалгаа харуулжээ.
Иймээс манай нөхцөлд хүүг бууруулъя гэвэл нэгдүгээрт, санхүүгийн зах зээлийн хууль эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Мөн макро төвшинд шинэчлэл хийх, харилцагчийн урсгал зардлыг бууруулах зэргээр бусад олон хүчин зүйлийг харгалзан бодлогын чанартай өөрчлөлт хийж инфляцыг бууруулснаар хийх боломжтой гэж Төвбанкны ахлах эдийн засагч С.Билгүүн ярьж байв.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин