Дэлхийн хэмжээний энтертаймэнт контент болох шоунд ихэвчлэн орчин үеийн, үсрэнгүй хөгжиж буй урлагийн төрлүүдээр оролцдог бол мэргэжлийн дуурийн дуучин сонгодог урлагийн салхи салхилуулж, хоолойны цар хүрээ, авьяас чадвараа гайхуулсан нь “Mongolia”s got talent-2018” шоуны өнгөрсөн амралтын өдрийн дугаарын хамгийн чансаатай үзүүлбэр байсан гэж хэлж болно.
Оролцогч, дуурийн дуучин Б.Жавхлантөгс үзэгчдийн хувьд шинэ танил биш ээ. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр 2011 онд төгссөн. “Universe best songs-2010″ уралдааны ялагч. “Mongolia”s got talent” тэмцээнийг монголчуудаас гадна дэлхий нийтэд хүлээн авч үздэг учир түүнийг шоунд оролцсоныг олзуурхан, Монголын сонгодог урлагийг сурталчлах бас нэгэн гүүр гэж үзэх хүмүүс байгаа.
Бас нөгөө талаар “Уралдаан, шоу алгасахгүй юм” гэсэн шүүмж түүнийг дайрч магадгүй. Учир нь Б.Жавхлантөгс өмнө нь “Universe best songs” уралдаанд түрүүлж байсан бол “The Voice of Monglia-2018” шоугаар бидний танил болсон Б.Идэржавхлан түүний төрсөн ах бөгөөд тэрбээр мөн “Мy voice”, “Universe Best Songs 2016” шоунд оролцож байсан юм. Гэхдээ энэ бол авьяас, чадварыг муучлах шалтгаан биш ээ.
Б.Жавхлантөгсийг “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээр үзүүлбэрээ үзүүлээд тайзнаас буусны дараа шүүгчид түүний мэргэжлээрээ бус бизнесийн салбарт маркетингийн менежерээр ажиллаж байгаад нь харамсч байгаагаа ярилцсан. Энэ дундуур шүүгч Г.Ариунбаатар нэгэн эмзэглэм зүйл хэлсэн нь “Надад ч бас дуурийн театрт дуулах боломж олдоогүй. Тийм учраас би явсан. Жавхаагаа би тайзан дээр байх ёстой хүн гэж боддог” гэсэн үгс байв.
Урлагийнхан байтугай энгийн хүмүүс эмзэглэм энэ яриа “Яагаад Монголын авьяаслаг уран бүтээлчид театртаа байхгүй байна вэ” гэсэн асуудлыг хөндөхөд хүргэсэн байх. Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, балетчин Д.Алтанхуяг гээд Монголын нэгэн үеийн од, сор болсон залуус нээрэн л Монголынхоо театраар нүүр бардам, бүр дэлхийд бардам овоглох хүмүүс билээ.