“Mongol HD” телевизийн бүтээл “Авьяаслаг Монголчууд” шоу гурав дахь удаагаа үзэгчдийн хүртээл болж буй билээ. Тус шоу нэвтрүүлгийн эхний улирлын дугаарт “Гудамжны бүжигчин” хэмээн нэрлэгддэг бүжигчин Төөгөө оролцож чамгүй амжилттай явсан.
Түрүүлэх магадлалтай оролцогчдын тоонд зүй ёсоор бичигдэж байсан тэрбээр энэ удаагийн шоунд өөрийн бүжигчдээ илгээжээ. Гуравдугаар улирлын хоёр дахь дугаарын шилдэг үзүүлбэрээр шалгараад буй “116 dance studio”-ийн бүжигчид нүдээ боон орон зай болон хөгжмийн сонсголоо үзэгчдэд гайхуулав.
Хэрэв шилдэг 32-т багтаж чадвал үүнээс хэд дахин өндөр төвшний үзүүлбэр үзүүлэхээ амлаад буй тэд бэлтгэлээ тун ч шаргуу хийж байгаа ажээ. Гурван жилийн өмнө тус шоунд оролцож байх үедээ шүүгч Rokit Bay-д “Өөрөөсөө ч илүү дараа үеийг бэлдэх болно” хэмээн амлаж байсан тэр өөрийн амлалтандаа хүрэхээр хичээн ажиллаж байгаа тухайгаа мөн дурдсан байна.