2018-10-03 15:412min09

Монголын баячуудын “баяжсан” гурван арга зам

mongo

“Монголын баячуудын буянд Монголын ард түмэн архи уудаггүй боллоо, ядуурлаас гарлаа. Өндөр цалинтай ажилтай боллоо. Монгол улс бүрэн бүтнээр авч үлдлээ. Энэ хүмүүс маань татвараа улсад үнэн зөвөөр төлдөг байсны буяанд өнчин болоод өвгөд дээдсүүд маань үргэлж халамж хайраар бялхадаг боллоо. Энэ хүмүүсийн буянд Монгол дэлхийн шилдэг байгальтай орон болсон” гэсэн нэгэн хүний бичсэн ёжлолыг уншаад үнэхээр харамслаа.

Монголын баян гэж байгаа хүмүүсийн онцлог бол ерөөсөө нэгдүгээрт баялаг бүтээдэггүй, хоёрдугаарт эх оронч биш. Ингэж хэлэхээр мэдээж олон хүн эсэргүүцлээ илэрхийлж, “чамаас ч илүү баялаг бүтээж байгаа” гэж ирээд л баахан юм ярих нь тодорхой. Архи, пиво, талх, гурил энэ бол манай баячуудын гол бизнес бөгөөд мөн уул уурхай. Шинээр техник, технологи ганцыг ч бүтээгээгүй. Мэдлэг шаардсан ганц ч технологийг манай баячууд бүтээсэнгүй. Хятад компьютрийн нүүрэн дээр “Могул” гэж биччихээд л компьютер бүтээчихлээ гэх нь нэг бол тэд тэнэг эсвэл монголчуудыг тэнэг гэж доромжилж буй хэрэг.

Үнэнийг хэлэхэд манай баячууд бол капиталист биш харин феодалууд. Тэд морио уралдуулж, бөхөө барилдуулж, айргаа ууж, авгайн хүүхэн эргүүлж, хөөрөг, машинаараа зиндаархацгаана.

Өнөөдрийн Монголын толгой баячууд гэж байгаа хүмүүсийн “баяжсан” гурван зам байна.

Үүнд:

Нэгдүгээрт: Социализмын өмчийг хувьчлах нэрээр хулгайлж, луйвардаж өөрийн болгож хөрөнгөжсөн.

Хоёрдугаарт: Монголын уул уурхайн хамгийн нөөц ихтэй ордуудыг төрийн байгууллагынхантай хуйвалдан эзэмшин баяжсан.

Гуравдугаарт: Ард түмний татварын хөрөнгийг хулгайлж идсэн. Үүнд тендер хамаарна.

Манай баячуудыг тэрбумтнууд гэхээс илүүтэйгээр “Хууль бусаар хөрөнгөжсөн” хүмүүс гэж доогуур тодорхойлж болно. Эсвэл олон улсын нэр томьёогоор шууд “олигархиуд” хэмээн нэрлэчихэж болно.

Баян гэгч хүмүүсийн намтраас эдгээрийг амархан олж болно. Үүний судлаж, гаргах цаг нь болжээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг гаргахыг хүссэнгүй. Социализмын өмч хувьчлалыг устгасан үйл ажиллагаа бол товчхондоо ил цагаан дээрэм байсан гэдгийг олон хүн хэлдэг. Хуйвалдаад, хуураад л бүгдийг устгасан. Мэдээж баячууд төрд байгаа учраас энэ хэргүүд дарагдсаар л байх шинжтэй. Гэхдээ зоригтойгоор гаргаж тавих хэрэгтэй.

Өнөөдөр өөрсдийгөө хууль ёсны болгож харагдуулах гэж хичээцгээж байна. Цаашдаа монголын “баячууд”-ын тоо нэмэгдэх хандлагатай бөгөөд энэ уул уурхайтай шууд холбоотой юм.

Өнөөдөр монгол орон цөөн хэдэн олигархиудын гарт бүрэн ороод байна. Ардчилал, эрх чөлөө, шударга ёс гэсэн бол бүгд заль мэх. Мөнгөтэй хүмүүст ардчилал, эрх чөлөө, шударга ёс хэрэггүй. Харин тэдэнд гай болно.

Эх сурвалж: Enkhbayar Debbie Mishigdorj