Есдүгээр сарын 22. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст намрын өдөр шөнө тэнцсэн Мабон өдрийг тэмдэглэдэг байна. Энэ өдөр нь хоёр онцлогтой. Нэгдүгээрт, хуучин хэрэггүй зүйлээсээ салах, хоёрдугаарт, гэр бүлийнхээ мөнх бусыг үзүүлсэн эмэгтэйчүүдийг дурсан тэмдэглэдэг уламжлалтай. Мабон нэр нь Артур хааны тухай цуврал дахь эрчүүдийн хүчин чадлыг бэлгэдсэн Уэльсийн домгийн Mabon, Modron нэрнээс үүдэлтэй ажээ.
Энэ бол өдөр шөнө тэнцдэг жилийн хоёр дахь өдөр юм. Зэрлэг ногоо жимс түүн цуглуулах уламжлалт цаг хугацаа энэ үеэр болдог. Мабоны ширээнд ургацын дээж тавигддаг ба маргаашнаас нь эхлэн өдөр богиносч шөнө уртсах юм. Ер нь намрын өдөр шөнийн тэнцэл есдүгээр сарын 22 гэсэн бат ойлголт олон хүнд байдаг.
Гэтэл тийм биш бөгөөд “нар шилжилт” нь жил бүр өөр өөр хугацаатай бөгөөд хэлбэлзэл нь гурав хоног юм. 2018 оны намрын энэ өдөр есдүгээр сарын 23-нд 01:54 (Гринвичийн цагаар) цагт таарна. Өдрийн үргэлжлэх хугацаа богиноссоор хамгийн богино өдөр арванхоёрдугаар сарын 22-нд тохиож эргээд өдөр уртасдаг.
ЭНЭ ЖИЛИЙН “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор зохион байгуулж байна. Автомашингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэд үйлчлэхээр төлөвлөсөн байгаа ажээ. Сонирхуулахад, манай улсын хэмжээнд 760 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 442 мянга гаруй нь нийслэлд байгаа гэсэн тоог өнгөрсөн онд гаргасан байна.
Харин дэлхийн хувьд Автомашингүй өдрийг “Хот бол хүний орон зай, амьдралын орон зай” гэсэн гол уриатайгаар тэмдэглэж байна. Авто машингүйгээр нэг ч болтугай өдрийг (World Day Without Car) өнгөрөөх санаачилга анх Францад 1998 онд гарчээ. Тэр үед 20-иод хот энэ өдрийг тэмдэглэсэн бол 2001 он гэхэд энэ хөдөлгөөнд дэлхийн 35 орны мянга гаруй хот нэгдсэн аж.
Авто тээвэр дэлхийн био орчинг эвдлэн хүнд хор учруулж байдаг. Автомашинаас болж дэлхийд өдөртөө 3000 хүн амь насаа алдаж байна. Минут бүрт үйлдвэрийн дамжлагаас нэг “алуурчин” гарч байна. Тоо баримт ийм ажээ. Үүний зэрэгцээ машины үйлдвэрлэл өсөн архи, тамхины дараа хамгийн ихээр рекламдуулдаг барааны гуравдугаарт оржээ.
Орчин цагийн амьдралд авто машинаас татгалзана гэж үгүй учир хотын мээрүүд болон бусад төр захиргааны байгууллагын удирдлага энэ өдөр автомашины гаргаж байгаа сөрөг асуудалд олон нийтийн анхаарлыг татахыг хичээдэг. Энэ өдөр том хотуудад олон нийтийн тээврийг ашиглахыг илүүд үздэг. Сануулахад, Америкийн инженер, үйлдвэрийн эзэн Генри Форд 1908 онд Форд-Т гэдэг анхны автомашиныг үйлдвэрлэж эхэлжээ.
ДЭЛХИЙН олон орон өнөөдөр экологийн бас нэг баяр Зааныг хамгаалах олон улсын өдрийг (World Day of elephants) тэмдэглэж байна. Заанууд нь хуурай газрын хамгийн том хөхтөн бөгөөд зааны аймгийн (Elephantidae) хушуутын (Proboscidea) багийн амьтан бөгөөд Африк, Зүүн өмнөд Азийн ширэнгэн ойд амьдардаг.
Өнөөдөр хоёрхон төрөл буюу африкийн болон энэтхэгийн заан үлдсэн ба Африкт 500-600 мянга орчим, Азид 30 мянгаад тоо толгой үлджээ. Энэтхэгийн заан нь мөхлийн ирмэгт ирсэн гэж Улаан номд бичсэн байна. 1989 онд зааны соёоны наймааг НҮБ хориглосон байгаа. Заан 22 сарын турш үр төлөө тээж нэг л зулзага гаргадаг. Нэг заан өдөрт 450 кг ургамлын гаралтай хоол, 300 литр ус хэрэглдэг ажээ. Их иддэг учраас шүд нь амьдралдаа 6-7 удаа солигддог байна.
АМЕРИКИЙН ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өдрийг (American Business Women”s Day) өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс өргөн тэмдэглэж эхэлжээ. Баярыг санаачлагч болох ажил хэрэгч эмэгтэйчүүдийн байгууллага Америкийн эдийн засгийн хөгжил, сайн сайхан амьдралд тэдний оруулсан хувь нэмрийг үнэлж ирсэнгүй гэж үзжээ.
Ингээд тэрхүү шударга бус явдлыг засч залруулахаар бизнесийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн өдрийг бий болгосон байна. Канзас хотын Хилари Буфтон (Hilary Bufton) болон гурван бизнес эрхлэгч эмэгтэй 1949 оны есдүгээр сарын 22-нд бизнест ажилладаг Америк эмэгтэйчүүдийн эвслийг (American Business Women’s Association) байгуулсан нь эмэгтэйчүүдийн үндэсний мэргэжлийн эвсэл болсон байна. Уг баяр олон улсын болж чадаагүй ч энэ өдөр Америкийн 57 сая ажилчин эмэгтэйчүүдийг хүндэтгэсэн том баяр болдог.
МЛАДО Туркийн хувьсгал гэгчийн дараа Османы эзэнт улс суларсныг далимдуулан 1878 оны Берлины баримтад заагдсан Туркийн дагуул байхаас Болгар татгалзан 1908 оны есдүгээр сарын 22-ны өдөр бүрэн тусгаар тогтнолоо зарлажээ. Болгарын ван Фердинанд урьд өдөр нь Тырново хотын сүмд хааны титмийг авч Болгар хаант улс болон зарлагдаж, Фердинанд нь “болгаруудын хаан” гэж нэрлэгдэх болжээ. Нэн шинэ түүхэндээ Болгар 1998 оноос эхлэн тусгаарг тогтнолоо тэмдэглэх болсон байна.
156 ЖИЛИЙН ӨМНӨ буюу 1862 оны есдүгээр сарын 22-нд АНУ-ын 16 дахь бөгөөд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн анхны ерөнхийлөгч, Америкийн боолчуудыг чөлөөлөгч Авраам Линкольн (1809-1865) “1863 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх боолчууд үргэлжийн турш чөлөөтэй болно” гэж зарлажээ.
Aвраам Линкольн шинэ газар нутагт боолчлолыг өргөжүүлэхийн эсрэг байсан ба АНУ-ын Бүгд найрамдах намыг байгуулан намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшсэн юм. Линкольныг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа боол эзэмшигч өмнөд мужууд холбооноос гарч Америкийн конфедератив улсыг байгуулан иргэний дайн үүсгэсэн юм. Линкольн албан тушаалдаа ороод “бид дайснууд байх ёсгүй” гэж мэдэгдэж байсан ч өмнөдийнхний эсрэг байлдааны ажиллагааг удирдан 1861-1865 онд иргэний дайнд конфедеративыг ялсан юм.
Түүнийг ерөнхийлөгч байх үеэр гүйцэтгэх засаглал хүчирхэгжсэн ба боолчлолыг устгалгүйгээр Америкийн холбоог байгуулж болохгүй байсан юм. Тэр жилийн энэ өдөр тэрээр боолчлолыг халж буйгаа зарлан бүх мужуудад боолчлолыг устгасан тунхаглал нь Америкийн бүх хэвлэлд нийтлэгдэж байжээ.
БРИТАНИЙН теннисчин, Олимпийн тоглолтын эмэгтэйчүүдийн теннисийн анхны аварга Шарлотта Рейнгл Купер (англ. Charlotte Reinagle Cooper) Лондон хотноо 1870 оны есдүгээр сарын 22-нд төржээ. Түүний хүүхэд, залуу насанд XIX зууны сүүлчээр Английн олон хот сууринд лаун-теннис дэлгэрч эхэлсэн юм.
Түүнийг 14 настай байхад Уимблдонд эмэгтэйчүүдийн анхны тэмцээн явагдсан ба Шарлотта түүний аварга болох зорилтыг өөртөө тавиад 1895 онд зорилгоо биелүүлжээ. Үүнээс гурван жилийн дараа тэр дахин энэ тэмцээнд ялж байв. Алдар нэртэй болсон Купер 1900 онд Францад олимпийн тоглолтод оролцохоор явжээ. Тэр үед эмэгтэйчүүдийн теннис ба гольф олимпийн хөтөлбөрт анх удаагаа орсон юм.
Ганцаарчилсан ба хосуудын тэмцээнд түүнтэй эн зэрэгцэхээр теннисчин эмэгтэй байсангүй. Сонирхолтой нь түүний медалиуд олгогдоогүй үлдсэн байдаг. Олимпийн энэ төрлийн медалийг зөвхөн 2004 оны олимпоос гардуулж иржээ. Энэ ялалтынхаа дараа тэр дараагийн жилд нь Уимблдоны дөрөв дэх удаагийн аварга болжээ. Купер дараа нь нөхөрт гарч охин төрүүлсэн ч ур чадвараа алдаагүй байлаа.
Тэрээр 1908 онд Уимблдонд тав дахь удаагаа ялан хамгийн өндөр настай аварга нь болж байлаа. Купер тэр үедээ 38-тай байв. Энэ амжилт нь одоо ч эвдэгдээгүй юм. Купер 50 нас өнгөртлөө спортоо орхиогүй юм. Шарлотта Купер Шотландын Хеленсборо хотноо 100 нас хүрэхэд дөрөв хоног дутуу байхдаа мөнх бусыг үзүүлжээ.