Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд одоогоор хамгийн хүнд жинтэйгээр нэрлэгдээд буй ОХУ-ын Буриадын Орора Сатоши хэмээх Анатолий Михаханов өнөөдөр зодог тайлснаа зарлалаа. Орора буюу Аврора өнгөрсөн жилийн үзлэгээр 288 кг татаж, Хавайн арлын Конишикиг 3 кг-аар даван гарч байв. Энэ жил ч гэсэн Орора 292.6 кг-ийн жингээр өөрийнхөө рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Орора Сатоши “Талийгаач багш Китаноүми ояката минь нэгдүгээрт л бичигдэж байвал юугаар ч байсан хамаагүй гэж надад байнга хэлдэг байсан. Би сүмогийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж байгаадаа баяртай байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Тиймээс ямар ч гэсэн тэр түүхэнд нэрээ үлдээгээд зодог тайлж байна. Орора хамгийн сүүлийн барилдаандаа ямар ч гэсэн давсан.
Намрын тэмцээнд жониданы 12-оос барилдаж, нэг даваа, зургаан унаатайгаар сүмо бөхийн замналаа өндөрлүүллээ. Цаашдаа Оросдоо очж, спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг ажил хийх гэнэ. Орора 1999 онд мэргэжлийн сүмод элсэн орсон. ОХУ-ын анхны сүмоч тэрбээр үнэндээ Аврора гэсэн нэртэй. 1917 оны хувьсгалыг эхлүүлсэн домогт Аврора хөлөг онгоцны нэрийг түүнд өгсөн ч дуудлага таарах ханз олдоогүйн улмаас Орора болсон түүхтэй. Хамгийн том амжилт нь макүшитагийн 43. Гэхдээ 2001 оны намрын тэмцээнд жониданд Хакүхог ялж байсан. Ямар ч гэсэн их аварга Хакүхотой барилдааны харьцаа 1-0 болгож, зодог тайллаа хэмээн өөрөөрөө бахархангуй хэлжээ.