Автозамын түгжрэлийн асуудал хяналтаас гарлаа. Нийслэлийн иргэд ихэнх цагаа зам дээр өнгөрүүлэх болов. Хоёр гуравхан жилийн өмнө гэрээсээ 30 минутын өмнө гараад хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан иргэд одоо 1-2 цагийн өмнө гарах шаардлагатай болж байна.
Энэ нь эргээд нийгэмд томоохон асуудал үүсгэж байгаа юм. 2012 онд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл дугаарын хязгаарлалтыг хэл амтай ч гэлээ нэвтрүүлснээр тухайн үед түгжрэлийг 20-30 хувь бууруулж байлаа. Түүнээс хойш түгжрэлийг бууруулах асуудлаар бодитой ажил, тушаал, шийдвэр нэг ч гарсангүй. Нийслэлийн хүн амын тоо нэмэгдсээр. Япон, Солонгосоос орж ирэх импортын автомашин хэдэн мянгаар тоологдож байна.
2012 оны судалгаагаар 200 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2018 онд энэ тоо 2-3 дахин нэмэгджээ. Жилд гаалиар 40 мянга орчим автомашин орж ирдгийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Одоо яг л энэ цаг үед дугаарын хязгаарлалт шиг бодит шийдвэр нийслэлчүүдэд ус, агаар шиг хэрэгтэй байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга С.Батболд түгжрэлийг бууруулах асуудлаар 70 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулж, одоо түгжрэлийн эсрэг бодлого боловсруулж байна. Тэдний хийж хэрэгжүүлж буй ажлуудтай нь танилцахад түгжрэл буурна гэсэн дүр зураг үнэндээ харагдсангүй.
НЭГ УУЛЗВАРТ ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙХЭД 50 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Ажлын хэсгийнхэн нийслэлийн хамгийн их түгжрэл үүсгэдэг дөрвөн хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийхээр болжээ. Үүнтэй Нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцаад арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон байна. Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Төв музейн уулзвар, МУБИС-ийн уулзвар тэмдэглэгээгээ байрлуулна. Энд программ хангамж, камер тохижуулалт гээд нийтдээ 200 гаруй сая төгрөг шаардлагатай байсныг НЗДТГ-аас шийдвэрлэж, “Улаанбаатар зам арчлалт” компани гүйцэтгэж байна.
Нэг уулзварт тэмдэг тэмдэглэгээ хийхэд 50 сая төгрөг зарцуулж байгаа. Цаашид ачаалал ихтэй уулзваруудад энэ тэмдэглэгээг хийнэ. Энэ асуудлаар Цагдаагийн дэд хурандаа н.Эрдэнэбат “Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байгаа юм
. Тэмдэглэгээ хийснээр энэ механик түгжрэл алга болно” гэж байв. Тэд ингэж түгжрэлийг бууруулна гэж ярьж байна. Улаанбаатарын автомашины тоо нэмэгдэж, шинэ зам баригдаагүй, тэгээд хүссэн нь машинтай болж, хүссэн цагтаа машинаа унаад гарч байгаа энэ цаг үед тэмдэг тэмдэглэгээ зэрэгхэнээр автомашины түгжрэл буурна гэвэл эндүүрэл болно.
АЧААНЫ АВТОМАШИНАА 2-3 ЖИЖИГ ТЭРГЭЭР СОЛЬЧИХВОЛ ТҮГЖРЭЛ НЭМЭГДЭНЭ
Тэдний ярьж буй дараагийн шийдэл нь худалдаа үйлчилгээний газрын түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулна. Автомашиныг 3.5 тонноос бага, 3.5 тонноос их. Е, С ангилал буюу чиргүүлтэй автомашин гэж ангилжээ. Хэрэгжилт нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
Худалдаа үйлчилгээний газрын түгээлтийг 21:00-07:00 цагийн хооронд явуулах юм. Мөн ЗТХЯ-тай хамтран ачаа тээврийн автомашинуудад GPS суулгах юм байна. Үүний зардлыг ч 2019 оны нийслэлийн төсөвт суулгахаар болжээ. Энэ нь эргээд түгжрэл бууруулахад нэрээр хэн нэгний шахаа, бизнес болж орж ирэх вий гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Мөн ачааны тэргийг хориглох гэж байгаа нэрээр микроавтобус, суудлын тэрэгнийхээ тоог нэмчих асуудал гарч ирнэ.
Тухайлбал, хувийн хэвшлийнхэн том оврын автомашинаар явахгүй 2-3 жижиг тэргээр бараагаа зөөгөөд эхэлбэл энэ асуудал түгжрэлийг сааруулах биш бүр ч нэмсэн хэрэг болно. Мөн орон нутгаас захуудад хийх бараа таталтын автомашиныг 07:00-22:00 цагийн хооронд явуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа хэдий ч захуудын ойролцоох автозамын түгжрэл багасах биш харин ч нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
12 РАДИОГООР ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ ЗАРЛАХ ГЭНЭ
Мөн түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн автозамын хөдөлгөөний ачааллын мэдээллийг богино долгионы радиогоор жолооч нарт хүргэдэг болохоор ярьж байна. Одоогоор 96.3, РЗ зэрэг радиогоор мэдээллийг хүргэж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийтдээ 12 радиогоор явуулахаар болсон байна. Богино долгионы радио сонсч байгаад хөдөлгөөнд оролцдог жолооч нар одоо хэд бол доо. Ийнхүү автозамын түгжрэлийн асуудалд нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нэг л таалагдахгүй байгаа юм. Зураас зурж, GPS байрлуулж, радиогоор зарлаад замын хөдөлгөөн буурна гэвэл хэцүү л дээ.
Тэгснээр сүүлийн үед автомашиныг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаар ярьж байна. Тэр нь л одоогийн нөхцөл байдалд яг таарч, түгжрэл бууруулж магадгүй гарц юм. Улаанбаатар хотын автозамын ерөнхий сүлжээ нь 349 мянган хүн амтай, 10.044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар баригдсан. Гэтэл одоо ачаалал хэд дахин нэмэгдээд байна.
Тээврийн цагдаагийн газрын Хяналт, хөдөлгөөн зохицуулалтын албаны дарга хурандаа Ч.Жаргалсайхан: ЛОЖИСТИК ТӨВҮҮДИЙГ ХОТЫН ЗАХ РУУ ГАРГАХ ХЭРЭГГЭЙ -Худалдааны төвүүдэд ачааны автомашин оруулахгүй болсноор асуудал их гарч байна. Ингэж хориглосноор ачаалалд нөлөөлөх нь нөлөөлнө. Гэхдээ бид иргэдээ бодсон шийдвэр гаргах нь зүйтэй. Тухайлбал, Ховд аймгаас нэг ачааны машин ирээд 10 гаруй хоног зогсч байж ачаа нь гүйццэг. Тэгсний дараа хөдөлдөг. Тэгэхээр цаг зааж хориглочихоор хүндрэл үүсч байна. Харин Драгон, Амгалан гээд ложистик төвийг хотын зах руу гаргах хэрэгтэй. Зам тээвэр хөгжлийн яам, НИТХ үүнийг бодлого хэрэгжүүлбэл жинхэнэ бодит ажил болно. Түүнээс биш цагдаагийн байгууллага нийгэмд олон жил тогтсон энэ зүйлийг торгож шийтгэж, зохицуулна гэдэг нэг талдаа хүндрэлтэй байна.
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмаа: НАЙМАН ЭГНЭЭТЭЙ ХӨГЖЛИЙН ЗАМ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН -Бид автозамын түгжрэлийг бууруулах дунд хугацааны мастер төлөвлөгөө боловсруулсан. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг томоор нь авч үзэх хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн эрэлтийн загварчлалыг манай байгууллага анх удаа хийж байна.
Улаанбаатар маань урдаасаа сунаж тогтсон байдал нь автозамын хүртээмжийг улам багасгаж байна. Бидний судалгаагаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, “Хувьсгалчдын гудамж дээр хамгийн их ачаалал бий болдог. Энэ байдлаараа байвал 2025 онд бид автозамын түгжрэлээ дийлэхгүй болно. Тиймээс шинээр автозамыг бий болгох шаардлагатай. Хөгжлийн замыг найман эгнээтэй барих шаардлага гарч байна. Энэ талаар бид мастер төлөвлөгөөндөө тусгаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан