ЦЕГ–ын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэсийн дарга Д.Будзаантай ярилцлаа.
– Хүүхдийн үйлдэх гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байна гэдгийг та илтгэлдээ онцолсон. Он гарсаар хичнээн хүүхэд ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон бэ?
-Эрүүгийн хуулинд зааснаар хүүхэд 32 төрлийн гэмт хэрэг үйлдэж байна. Зонхилон үйлдэж буй нь хулгай дээрэм, хүчин, зам тээврийн ослын гэмт хэрэг улсын хэмжээнд бүртгэгддэг. Ялангуяа хүчингийн гэмт хэрэг өмнөх жилүүдэд бага бүртгэгддэг байсан бол сүүлийн үед өсөх хандлагатай болсон. Энэ нь цахим орчинтой шууд холбоотой. Найман настайдаа +18 үзсэн контент үзсэн хүүхэд 12 нас хүрээнд хүчингийн гэмт хэрэг үйлдэх, холбогдох эрсдэл өндөр. Сүүлийн жилүүдэд уулын орой руу өгсөж байгаа мэт гэмт хэргийн гаралт маш их өссөн. Яагаад өсөх хандлагатай байна вэ гэвэл энэ оны наймдугаар сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 16 хувиар өссөн. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлуудыг урьд жилүүдээс илүү хувиар хийж байгаа боловч гэмт хэргийн гаралт буурахгүй байна.
-Тухайлбал?
– Он гарсаар “Хайрлая хамгаалъя” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аяныг эхлүүлсэн бол “Хуулиа мөрдье 21”, “Бяцхан зорчигч”, “Зуслан” зэрэг арга хэмжээ авсан бол хамгийн сүүлд unfriend хөдөлгөөнийг эхлүүллээ. Эдгээр ажлын хүрээнд хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал улсын хэмжээнд 31 хувь буурсан. Харин насанд хүрэгчид хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг өссөн. Хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн 82 хувь нь насанд хүрэгчид үйлдсэн байдаг. Эцэг эхчүүд насанд хүрэгчид үүнд анхаарлаа хандуулах нь чухал.
– Хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэгт гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөх тохиолдол хэдэн хувийг эзэлж байна вэ?
– Нийт хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн 40 орчим хувь нь гэр бүлд үйлдэгдсэн байдаг. Насны ангиллаар нь авч үзвэл 8-16 насны хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртдөг. Бага насны хүүхдүүд харьцангүй бага. Яагаад гэвэл мэдээлэгдэх нь бага. Мэдээж нэгдүгээр анги, эсвэл цэцэрлэгийн насны хүүхдийг ээж аав нь зодож тарчлаадаг бол хаана хандахаа мэдэхгүй. Тиймээс далд орчинд бага насны хүүхдийг хүчирхийлэх тохиолдол байгааг үгүйсгэхгүй.
– Цагдаагийн байгууллагад хоногт хүүхдийн эрх зөрчигдөж хохирсон дуудлага хэчнээн бүртгэгдэж вэ?
– Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээллийн 30 орчим хувийг хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл эзэлдэг. Өдөр, сараар нь авч үзвэл 100, жилд 10 мянга гаруй дуудлага мэдээлэл ирдэг. Үүний 1000 гаруй хувь нь гэмт хэрэг, үлдсэн ньт зөрчилд тооцогдож байна.
– Хүүхдийн аюулгүй байх орчин нь сургууль байх ёстой ч өнгөрсөн долдугаар сард сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ явдлаас хойш эцэг эхчүүд хүүхэд нь сургууль дээрээ аюулгүй байгаа эсхид магадгүй эргэлздэг болсон байх?
– Хүүхэд ахуйн хүрээнд олон нийтийн газарт хохирч, амь насаа алдсан хэрэгт хариуцлагагүй төрийн албан хаагч буруутай. Хөл бөмбөгийн талбайд амь насаа алдсан хүүхдийн сурч байсан сургууль дан ганц буруугүй. Гоё зураг төсөл харуулсан тендерт ялах гэсэн, дараа нь хийсэн ажил нь зураг төсөл шигээ биш гүйцэтгэсэнд асуудал нь бий. Тухайн сургууль хөл бөмбөгийн талбайн орчимд байгаа шон унах уу, аюултай юу гэдгийг тэр бүр мэдэхгүй. Мэдээж янз бүрийн эрсдэлтэй зүйл байдаг. Хүүхэд болохгүй гэсэн бүхэнд хүрч очиж байдаг шүү дээ. Тиймээс эцэг эх, боловсролын байгууллага, бүхий л төрийн алба хаагч эдгээрээс урьдчилан сэргийлж хүүхдээ хамгаалж байх ёстой.
– Цахим орчноос хүүхэд гэмт хэрэг үйлдэх сэдэл авч байгааг сүүлийн үед анхааруулах болсон. Эцэг эхчүүд юунд анхаарах ёстой вэ?
-Цахим орчинд эцэг эхчүүд хүүхдээсээ дор мэдлэгтэй байна. Ухаалаг утасаа хэрхэн ашиглахаа сайн мэддэггүй. Жишээ нь бага насны хүүхдэдээ “миний хүү энэ утасны түгжээг тайлаад өг” гэж гуйх нь энгийн л үзэгдэл байдаг. Гэтэл эцэг эхчүүд насанд хүрэгчдэд зориулсан бичлэг мэдээллээ хүүхдэдээ алдаж байна гэсэн үг.
-Цагдаагийн байгууллагаас цахим орчин дахь буруу зүйлд уруу татсан зарим группүүдийг хаалгах зэрэг хяналт тавьж ажиллаж байгаа харагдсан. Цаашид энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
– Саяхан Эмо нэртэй группийг хаасан. Энд эцэг эх нь анхаарал хандуулдаггүй уйдсан хүүхдүүд нэгдсэн байдаг. Нийт 3500 гишүүнтэй атал нэг ч эцэг эх мэдээгүй байсан нь харамсалтай. Тус групп нь хүүхдүүдийг буруу зан үйлд уруу татах, зарим нь амиа егүүтгэх, гар хөлөө сийчихэд бэлэн болчихсон олон хүүхэд байсан. Яг үүнтэй ижил группуупыг хаасан ч дахин шинээр нээгдсээр байна. Судалгаагаар таны хүүхэд фэйсбүүкт 150 найзтай байх боломжтой. Гэтэл хүүхдүүд цахим орчинд 3000 гаруй найзтай байна. Эдгээр танихгүй хүмүүс хүүхдийг тань гэмт хэргийн хохирогч болгох, гэмт хэрэг үйлдүүлэх, сэдлийг өгч болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хаягт хяналт тавих шаардлагатай.
– Unfriend хөдөлгөөнд хэчнээн хүн нэгдээд байна?
-Давхардсан тоогоор хагас сая орчим хүн Unfriend хөдөлгөөнд нэгдсэн байна. Энэ хөдөлгөөний мэдээлэл мөн давхардсан тоогоор 10 сая орчим хүнд хүрсэн. Жишээ нь нэг хүнд таван удаа мэдээлэл очлоо гэсэн үг. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 700 орчим сурагчдад мэдээлэл хүргээд байна. Интернет орчныг зөв зохистой аюулгүй хэрэглэе л гэсэн утгатай. Саяхан 200 гаруй охины нүцгэн зургийг хадгалж байсан этгээдийг илрүүлэн саатуулсан.