Үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад зандан модны үнэрийг дууриамлаар бий болгохын тулд ашигладаг сандалор гэдэг бодис нь хүний үсний ургалтыг идэвхжүүлдэг байна. Үүнийг Их Британийн Манчестерийн их сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон бөгөөд тэдний судалгааны ажлын үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлжээ.
Үсний угт байрлах уутанцар буюу фолликул дахь OR2AT4 хэмээх рецепторт сандалор гэдэг бодис хэрхэн үйлчилж буйг судлаачид туршсан байна.Толгойны үсний эд эсүүдэд сандалорыг түрхэхэд үсний ургалт сайжирч, үхэжсэн эсүүдийн тоо цөөрч байжээ. “Сайн дураар судалгаанд оролцсон 20 эмэгтэйд туршилт хийж үзэхэд, сандалорыг үсний гадаргууд түрхсэнээр үсний уналт багасч байна гэсэн дүгнэлт хийлээ” хэмээн судалгааны ажлыг санаачилсан профессор Ральф Паус ярьж байна.
Дараагийн үе шатанд сайн дурынхан дээр бүрэн хэмжээний туршилт явуулах аж. Гэхдээ үс халзрахтай тэмцэх асуудал шийдэгдэх шатандаа орж байгааг эрдэмтэд хэлж байна.