Чехийн Засгийн газарт сүүлийн үед Вьетнамын иргэдэд виза олгох журмаа хөнгөвчлөх шахалт дарамт тун их ирж байгаа гэнэ. Ажлын хүч дутагдалтай компаниуд шаардаж байгаа мэт харагдавч ар талд нь Вьетнамын мафи байгаа аж. Тиймээс Засгийн газар тус улсын иргэдэд ажлын виза өгөхөө зогсоосон байна.
Учир нь виза мэдүүлэгч этгээдийг маш сайн шалгаж үзэхгүй бол ирээд шууд мафийн гишүүн болдог гэнэ. Иймээс тус улсын Засгийн газар өнгөрсөн долоодугаар сараас Вьетнамын иргэдэд ажлын виза өгөхөө зогсоожээ. Ханой дахь Чехийн ЭСЯ-наас виза хүссэн мэдүүлгүүдийг нягталж амжихгүй байна гэж мэдэгдсэн бол Засгийн газраас Чех дэх вьетнам иргэдийн зохион байгуулалттай гэмт хэрэг, өөрөөр хэлбэл Вьетнам мафиас болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.
Чехийн ГХЯ-наас Вьетнамаас авах байсан шаардлагатай ажлын хүчийг Украин, Монгол, Серб, Филиппинээс авна гэдгээ зарласан. Энэ 4 улсын иргэдэд нийт 24 мянган ажлын виза олгохоор болсон байна. Чех улсад нийт 60 мянган вьетнам иргэн оршин суудаг. Тэдний хэд нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд багтдагийг цагдаа нар ч тодорхойлж чаддаггүй. Вьетнамын мафи хар тамхины үйлдэрлэл, наймаа, ховор ан амьтны эд эрхтний худалдаа, эдийн засгийн гэмт хэрэг гэсэн 3 төрлийн гэмт хэрэг үйлддэг байна.