Венесуэлийн гал сөнөөх албаны хоёр ажилтан төрийн тэргүүнээ илжигтэй зүйрлэснийхээ төлөө 20 жил хоригдох ялаар шийтгүүлжээ. Тэд ерөнхийлөгч Николас Мадурог “Мабурро” хэмээн гуйвуулж өөрийнх нь ажлын газарт орж ирсэн илжгээр төлөөлүүлэн ажилтай нь танилцахаар зочлон ирсэн мэтээр тайлбарлаж дуу оруулсан бичлэг сошиалд цацсан байна. Бичлэгт “Оройн мэнд нөхдөө! Та бүхний харж байгаачлан бид ерөнхийлөгч Мадурог хүлээж аваад байна. Тэр ажил байдалтай танилцаж байна. Тэр өвс хэр сайн ургасныг сая шалгалаа” гэх зэргээр дуу оруулсан нь Ерөнхийлөгч Николас Мадурогийн дургүйцлыг хүргэсэн бололтой.
Тус улсын сөрөг тагнуулын албаныхан 41 настай Рикардо Прието, 45 настай Карлос Варон нарыг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт ажлын байрнаас нь баривчилжээ. Энэ сарын 16-нд шүүгч Карлос Маркез хоёр эрд өш хонзонгийн хэргээр ял тулгах шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн онд тус улсын Эрүүгийн хуулинд өш хонзонгийн зүйл анги шинээр оруулж ирсэн аж.
Ерөнхийлөгч Н.Мадуро өөрийнх нь социалист эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн хүмүүсийг өршөөлгүй шийтгэдэг болоод байгаа гэнэ. Одоогоор тус улсад 234 хүн улс төрийн хэргээр хоригдож байгаа аж.
2 comments
Mongoliin uhernuudees teneg iljig bna
Ёстой л илжиг шиг ерөнхийлөгч байна даа