Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, NZ сан хамтран Уран хатгамалчдын улсын III улсын уралдааныг энэ сарын 22-23-нд Монголын Уран зургийн галерейд зохион байгуулна. Тус уралдаан нь соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уран хатгамлын урлагийг хөгжүүлэх, түүний сан хөмрөгийг арвижуулах, чанаржуулах, уран хатгамалчдыг дэмжих, тодруулах, хатгамлын урлагийн судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, хатгамал сонирхогчдын хүрээг өргөжүүлэн охид, эмэгтэйчүүдийн оюун ухаан, гоо зүй, ур чадвар, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой.
Улсын уралдаанд нийслэлээс шалгарсан ардын авьяастнууд болон мэргэжлийн уран бүтээлчид нийт 120 гаруй хүн 300 гаруй уран бүтээлээрээ оролцохоор бүртгүүлжээ. Уралдаанд зүү ороосон, задгай буюу хөрөг хатгамал, мартагдаж буй соёлын өвийг сэргээж урласан хатгамал, эсгий ширмэл, зоос ширээний сүлжмэл, зээгт наамал гэсэн төрлөөр оролцох боломжтой.
Уралдаанд оролцож буй бүтээлүүд болон Монгол Улсын уран хатгамалч цолтнууд, бусад шилдэг хатгамалчдын уран бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд сурталчлан танилцуулна гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Уран бүтээлийн ур хийц, загвар, өнгө зохицол, уламжлалт соёл, зан үйлийн онцлогийг тусгасан байдал, хэрэгцээ, зориулалт, нийгмийн ач холбогдлыг харгалзан ардын урлаачдын бүтээлээс 7 төрлөөр, мэргэжлийн урлаачдын бүтээлээс 2 төрлөөр эхний гурав болон тусгай байрыг тус тус шалгаруулж шагнаж урамшуулах юм. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчдэд Монгол Улсын уран хатгамалч цол олгох аж.