Олон улсад алдартай Макаогийн казино түүхэндээ анх удаа далайн хүчтэй шуурганаас болж хаагджээ. Макаогийн албаныхан үерийн гамшигт өртөж болзошгүй анхааруулгыг хүргүүлсний дагуу хаалгаа барьсан байна. Өмнө нь өнгөрсөн онд Хато далайн шуурга Макаог дайрах үеэр албаныхан урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй хийснээс их хэмжээний хохирол амссан хэмээн ард иргэдээс шүүмжлэл хүртсэн юм. Тухайн үед далайн шуурганы улмаас 12 хүн амь үрэгджээ.
Макаогийн албаныхан казино ажиллуулагч 42 газрын эзэдтэй хэлэлцэж тохиролцсоноор бямба гаригийн шөнө хаасан байна. Түүнчлэн бусад худалдааны байгууллага, дэлгүүр хоршооны гадна гудамж дагуу олон тооны элстэй шуудайг байршуулан үерээс хамгаалах арга хэмжээ авчээ. Макао нь Хятадын өмнөд хэсэгт орших хагас автономит бүс нутаг юм.
Эх сурвалж: Agence France-Presse