Монголд үйлдвэрлэгдэж буй ноос ноолууран бүтээгдэхүүнийг Японы зах зээлд борлуулдаг Такаражима Жяпан компани тархины хорт хавдартай хүүхдүүдэд туслахаар болжээ. Тус компани нийгмийн хариуцлагын үүднээс тархины хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээ оношилгоонд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн Японд “Морин хуур”-ын хандивын тоглолт зохион байгуулж олсон ашгаа Тархины хорт хавдартай хүүхдүүд, тэдний ар гэрийнхэнд хандивладаг болсон юм.
Өнөөдөр Япон Монголын соёлын төвд Японы зүгээс “Тархины хорт хавдартай” хүүхдүүдэд зориулж хандивын ажил зохион байгуулсан. Тоглолтоос олсон мөнгөн хандивыг “Амгалан наран” ТББ-ын тэргүүн Б.Наран-Эрдэнэ, Сүжеташанд ТББ-ын гүйцэтгэх захирал Такахаши Кимико нар гардуулжээ.