Их наран хутагт М.Базарсад: Би бурхан болохын төлөө хичээсэн

Лам бол төр юм. Үүнийг батлах бодит үйл явдал өнгөрсөн долдугаар сард болж өнгөрсөн нь багаггүй шуугиан тарьсан билээ. Их наран хутагт М.Базарсад бээр “Лам бол төр юм” гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж яваа нэгэн. Цэрэг, цагдаагийнхан маань санчигныхаа баруун талаас гараараа тулах маягаар ёсолдог цэрэг ёсолгоогоо шинэ “төр”-дөө зориулж өөрчилөөд цээжнийхээ урьд хоёр гараа хавсран залбирах маягийн ёсолгоотой болсон гэнэ.
Манай баруун аймгийн цэргийн хүрээнийхэн шинэ “төр”-өө очиход л хамаг өнгөтэй өөдтэйгээ барин хадгаа дэлгэн угтаж байсан нь нийгмийн сүлжээнд цацагдсан зурагнаас бэлээхэн харагдана. Өөрийгөө ард олонд Их наран хутагт хэмээн өргөмжилсөн тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй, яруу найрагч гэдгээ нуугаагүй. Очсон газар болгонд нь намираа бороо орж, дэлхийг баясгадаг М.Базарсад гуйд бурхан адил мөргөж байгаа хүн ч олон байсан. Энэ талаар тэрбээр “Хүн төрөлхтний шүтээнд хүнийг мөргүүлэхэд алдаа, дутагдал гэж байх ёсгүй. Энэ үйлд ард иргэдийг үймүүлэх юм уу ямар нэг эдийн засгийн залилан хийсэн хор хохиролтой зүйл байхгүй. Мэдээж хоол унд, идээ, ундаа гэх мэт өргөл барьц өргөж л байдаг. Энэ нь бурхны шашныг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа хутагт миний бүрэн эрхийн асуудал юм.
Ард түмний шүтэж, тодруулсан хүнийг “Ард түмнээ алдаршиж олноо гийгүүлсэн гэгээн хутагт” гэж үздэг. Би бол Ард түмнээ алдаршиж олноо гийгүүлсэн гэсэн тодотгол, чимэгтэйгээр явдаг юм. Би өөрийгөө бурхан гэж боддоггүй. Намайг хүүхэд байхад хүмүүс ирээд “Та бурхан, бид танд мөргөх ёстой” гэж гуйж залбирдаг байсан учраас тэдний хүслийг хангаж бурхан болохын төлөө хичээсэн хэрэг” гэх тайлбар өгчээ.
Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр “Чингисийн ач хүү” Арго, Давааням, агуу философич Бат-Отгон, “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл гээд энд тэндэхийн сүм хийдийн хамба лам пасторууд, ихийг мэдэгч бөө нар Монгол Улсад мухар сүсгийг түгээн дэлгэрүүлж халаасаа түнтийлгэсээр буй юм. Бурхан шүтэх эс шүтэх нь хувь хүний эрх боловч мухар сүсэг, шашны гаж буруу урсгал цар хүрээгээ тэлэх нь эсрэгээрээ нийгэм, хүн амын аюулгүй байдалд олон сөрөг үр дагаваруудыг авчирч болзошгүй юм.