Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд орших Бадархундагын ёроолд эдүгээр хэр их үнэт эдлэл тунаж байгааг таашгүй. Учир нь эл нуурыг монгол түмэн Очирваань бурхны тахилын аяга хэмээн сүсэглэн залбирч, хүслээ шивнэхдээ эртнээс мөнгөн ембүү өргөж ирсэн бол сүүлийн үед хүмүүс үнэт эдлэлээ өргөдөг болсон. Энэ нь зарим нэг хүмүүсийн шуналыг өдөөж, улмаар үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Ингэхдээ тэнд аялж явсан хүмүүсийг буугаар сүрдүүлж, хоёр иргэнийг гэмтээсэн юм.
Цагдаа нар нуурын ёроолоос хулгай хийсэн 22-31 насны гэмт этгээдүүдийг баривчилсан бөгөөд шархадсан иргэдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Гэмт этгээдүүд араас нь хөөж байсан иргэдийг буугаар сүрдүүлж, Ч.Отгонбатын хүзүүний баруун хэсэгт, Б.Батхишигийн баруун гарын тохойн дээд бугалганд буудсан. Тэднийг авхан аймгаас Улаанбаатар хотод онгоцоор авчирч, Цэргийн клиникийн төв госпитальд эмчилгээ хийж байгаа юм байна. Золоор бууны сум амь насанд нь халгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв.