УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавтай ярилцлаа.
-Төрийн гурван өндөрлөг Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Таны хувьд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх тус хуулийн төсөлд хичнээн хүн хамрагдаж байгаа вэ?
-Их хэлмэгдүүлэлт 1937, 1938 онд үргэлжилсэн. Энэ их хэлмэгдүүлэлтийн хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Монголын үе үеийн төр засаг үе шаттай олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. 31 мянга гаруй хүнийг цагаатгаж, нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байдаг. Одоогоор 400 орчим хүн нөхөн олговор аваагүй байгаа. Гэхдээ эдгээртэй холбоотой асуудал шийдэгдсэн гэж болно. 2011 онд цагаатгах асуудлын өргөдөл хүлээж авах хуулийн хугацаа нь дуусчихсан байсан. Уг хуулийг 400 хүний асуудал шийдээд зогсчихсон хууль гэж ойлгож болохгүй. Энэ бол цагаатгалтай холбоотой асуудлаар өргөдлөө өгөх, хүлээж авах, улмаар цагаатгах ажлыг зохион байгуулах комисс, шүүхэд хандах боломжийг олгосон цонх бий болгож өгч байгаа юм. Ер нь бол хэлмэгдэгсдийн материалууд нь тодроогүй гэх гомдлууд тасрахгүй байдаг. 2011 оноос хойш долоон жилийн хугацаанд хэний ч өргөдлийг хүлээж авахгүй, ажил гацчихсан байсан. Үе үеийн парламент дээр хэлэлцээд хаагдчихаад байсан зүйлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл болон миний бие, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нарын гишүүд маань ажлын хэсэгт орж ажиллаж, баталсан. Уг хуулийн төсөл энэ парламентийн үед хийгдсэн тодорхой асуудлуудын нэг.
-Хэдий хэмжээний нөхөн олговор олгох вэ?
-400 хүнтэй холбогдолтой асуудал тус бүр 40, 80 сая төгрөгөөр зохицуулагдахаар болсон. Нэг өрөө байрыг 40 сая, хоёр өрөө байрыг 80 сая төгрөгөөр авчих бололцоотой юм гэдэг байдлаар уг хуулийг баталсан. Харьцангуй хямд үнэтэй орон сууц санал болгож байгаа компаниудад хандана гэж ойлгож байгаа. Дур зоргоороо үнэтэй орон сууц авна гэвэл хүрэхгүй. Хүмүүс өргөдлүүдээ шүүхэд өгч байна. Тодорчихсон хүмүүс ч байгаа. Энэ жил улсын төсөв хэлэлцэгдэнэ. Энэ төсөвт хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг яаралтай, болж өгвөл бөөнөөр нь мөнгийг нь оруулаад 2019 оны эхнээс олгох ёстой гэж үзэж байгаа. Энэ саналыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргын хувьд Засгийн газарт өгсөн. Тэдгээр хүмүүсийн дотор 80, 90-ээд насны хүмүүс олон бий.
Амьд сэрүүн байхдаа шинэ орон байраа үзээд, үр ачдаа үлдээчихвэл зүгээр шүү дээ. Уг асуудал дээр ч Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой саналуудыг хэлж байгаа. Тухайлбал, хэлмэгдүүлэлтийн хар гамшгийг дараа үедээ таниулж, мэдүүлж байх үүднээс хэлмэгдэгсдийн музей байгуулах асуудлаар тодорхой саналыг Засгийн газарт хүргүүлэхээр бэлдэж байна лээ. Энэ хүрээнд намайг бас дуудаж уулзсан.
-Ирэх оны төсөвт хэлмэгдэгсдийн нөхөн олговорт зориулж хичнээн хэмжээний өртөгийг суулгахаар тооцож байгаа вэ?
-Нийт дүнгээрээ 40 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ асуудлыг Засгийн газар шийднэ.
-УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг та ахалж байгаа. Ажлын хэсгийн зүгээс ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?
-51 хувь биш юм аа. Эрдэнэт үйлдвэр 100 хувь. Орос, Монголын хувьцаа нь нийлээд 100 хувь байхад Стандарт банкнаас зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн асуудлаар Лондонгийн Арбитрийн шүүх дээр асуудал болсон. Энэ асуудлаарх шүүхийн шийдвэр нь гарчихсан. Гүйцэтгэл буюу төлөх асуудлыг Монголын тал хийгээгүй. Иймээс Стандарт банкнаас дахин Арбитрийн шүүхэд хандаж, манай 51 сая ам.доллар, дээрээс нь хүүгийн хүүгээр дамжигдсан 105 сая ам.долларын төлбөрийн асуудлыг шийдэх буюу манайхаар бол шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ асуудлаар долдугаар сарын 6-ны өдөр хуралдсан байна. Энэ бол аж ахуйн нэгж хоорондын маргаан. Гэхдээ 51 хувь нь төрийн өмчит компани шүү дээ. Тийм учраас энэ ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд хууль хяналтын байгууллагуудыг төрийн мониторинг хийгээч ээ гэж чиглэл болгосон. Энэ хүрээнд АТГ болон прокурорын энэ ажил дээр ажиллаж байгаа холбогдох хүмүүс очиж төрийн мониторинг хийсэн. Түүнээс аж ахуйн маргаанд хууль хяналтын байгууллага орох эрх нь хаалттай. Манай шийдвэрүүд хэр бодитой, ямар шийдэл гарч байгаа, асуудал нь ямар байна вэ гэдгээр мониторинг хийж байгаа юм. Ажлын хэсэг энэ талаарх тайлангаа УИХ-ын чуулган нээгдэх үеэр тавина. Эхний ээлжинд Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороогоор хамтарч орох болов уу гэж бодож байна. Энэ үед холбогдох хууль хяналтын байгууллагуудыг дуудаад зарим нэг асуудал дээр нь тодорхой мэдээлэл өгнө.
-Төлбөрийн хүүгийн тоолуур гүйсээр байгаа энэ үед ажлын хэсгийн зүгээс уг асуудлыг яаралтай нэг талд нь гаргахаар шахаж ажиллаж байгаа юу?
-Тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Энэ чиглэлээр Засгийн газар эдийн засаг, дипломат хүрээндээ ажиллаач ээ” гэсэн эхний тоотоо хүргүүлсэн юм. Бидэнд Засгийн газар дээр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн. Г.Баясгаланг дуудаж уулзахад “Энэ асуудал нь аж ахуйн нэгжийн маргаан учир бид зөвлөн туслах, шаардлагатай зүйл байвал биднээс асуугаарай гэсэн чиглэлтэй байгаа” гэж хэлсэн. Бид дахин “Тоолуур чинь гүйгээд эхэллээ, энэ асуудал чинь хүндэрлээ шүү” гэсэн хоёр дахь тоотоо хүргүүлсэн. Зээл авагдсанаас хойш Стандарт банкны 60 хувийг БНХАУ авсан юм билээ. Ямартаа ч Засгийн газрын эдийн засаг, санхүүгийн холбогдох яамд ажиллах шаардлагатай байгаа.
51 хувь авсан нь төлбөр төлнө гэвэл Засгийн газар 100 хувь хариуцна. 49 хувийнхан ашгаа авч байгаа бол алдагдлаа ч хүлээнэ. Тэгэхээр аль аль нь алдагдал хүлээнэ. Мөн Монголын эрх ашиг ч хөндөгдөнө. Иймд үүнийг зогсоох чиглэлээр ажиллаач ээ гэж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, 49 хувийн хувьцаа эзэмшиж байгаа холбогдох хүмүүст зөвлөсөн. Энэ хүмүүс тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа. Зээл авсан Ш.Батхүүгийн хувьд зээлээ төлсөн, төлөөгүй гэх асуудал нь тодорхой болсон. Өөрийнх нь одоогийн ярьж байгаагаар “Би батлан даалт гаргах бичгийг зассан” гэсэн учраас энэ хүнтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдтэл ажлын хэсэг АТГ, шүүхийн аль ч процесст оролцож, хутгалдах боломжгүй.
-Долдугаар сарын 6-нд гарсан Английн Арбитрийн шүүхийн шийдвэрийг та харсан уу. Яг хэдий хэмжээний төлбөр төлөхийг шаардсан юм бэ?
-Эрдэнэт үйлдвэр дээр бичиг энэ тэр нь ирсэн байгаа. Тиймээс Монголын төр авснаа төлнө. Гэхдээ аль болох бага мөнгө төлөх асуудлыг аж ахуйн нэгжүүд хоорондын хэлэлцээрийнхээ хүрээнд ярина. Түүнээс юу юугүй Эрдэнэт үйлдвэрийг 105 сая ам.долларын төлбөрт тавиад, саалийн ганц үнээгээ алдчихна гэж бодож болохгүй.
Арбитрийн шүүхийн энэ шийдвэр бол эцсийн шийдвэр. Бид хэлэлцээд зохицуулахгүй бол ний нуугүй хэлэхэд манай улсын гаднаас авч байгаа зээлийг хязгаарлах, удирдлагуудын гадаад руу явж гэрээ хэлэлцээр хийх асуудал зогсоно, зэс молибденоо худалдсан төлбөр мөнгө нь орж ирэхгүй байх гээд олон эмзэг асуудал байна.
-Сүүлийн шүүх хуралд “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн оролцоогүй. Энэ тухай тодруулаач?
-Өмнөх шүүх хурлын шийдвэрийг өөрчлөх гэж дахин шүүх хурал болоогүй. Өмнөх шүүх хурлын шийдвэрийг хэрэгжүүлж өгөөч ээ л гэж дахин шүүхэд хандсан. Арбитрийн шүүх дээр очиход “Эрдэнэт үйлдвэр” өмгөөлөгч авахад нэлээд их зардал болно. Нөгөө талдаа гарах үр дүн нь төлөх төлбөрийг бууруулах, үгүйсгэх боломж байхгүй учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн оролцоогүй юм байна лээ.
-Ээлжит бус чуулган хуралдах уу. Даргын зөвлөл дээр юу гэж ярьж байгаа вэ?
-Даргын зөвлөлөөс Хууль зүйн байнгын хороог гишүүдээ цуглуулж хуралдуул гэх чиглэл өгсөн. Хууль зүйн байнгын хороо хуралдангуут даргын зөвлөл хуралдаад ээлжит бус чуулган зарлая гэсэн чигтэй л байгаа. Ээлжит бус чуулган зарлаж таарах байх.
Эх сурвалж: “Өдрийн сонин”