Улс үндэстэн бүр түүх соёл, ахуй амьдралаасаа шалтгаан хоолны соёл нь өөр, өөрийн онцлогтой. Чийглэг уур амьсгалтай Өмнөд Солонгосын хувьд далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол эрс тэрс уур амьсгалтай манай улс махыг түлхүү хэрэглэдэг. Бидэнтэй ижилхэн нүүдлийн соёл аж ахуй, өв уламжлалаа хадгалж үлдсэн нэр нэгтэй Өвөр Монгол ахан дүүс маань ч бас зарим хоолны төрлөөрөө өөр боловч бусдаараа адилхан гэвэл нэг их буруудахгүй болов уу.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүд “Новотел” зочид буудалд “Өвөрмонгол амт” хоолны өдөрлөгөөр үргэлжилж байгаа юм. Энэхүү өдөрлөгөөр Хөх хотын таван одтой “Өвөрмонгол” зочид буудлын шилдэг зургаан тогооч 30 гаруй нэр төрлийн хоолоор иргэдэд үйлчилж байгаа юм.
Өвөрмөц амт, хоолны соёлтой танилцах гэсэн хүмүүсийн цуваа усны урсгал адил үргэлжилнэ. Өчигдөрөөс эхлэн 400 гаруй хүнд үйлчлээд байна гэдгийг өдөрлөгийн хоол хүнсний менежер н.Арвиндөш хэлж байв. Тэрбээр “Үндэстэн бүр өөр өөрийн онцлогийг шингээсэн хоол хийдэг. Өвөрмонгол хоол нь Хятад хоолноос маш ялгаатай санагдаж байна. Хүний биед шим тэжээлтэй бор гурилаар хийсэн гоймонтой хуурга, сүү, сүүн бүтээгэдэхүүн ашигласан хоол хүнсээр тогооч нар иргэдэд үйлчилж байгаа юм. Тухайлбал, үхрийн махан борц, өрмөн бургер, ногоотой банш зэрэг маш олон төрлийн хоолыг нэрлэж болно. Хүмүүс их сонирхож байна” гэв. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүсийн хувьд сэтгэл хангалуун байгааг илэрхийлж байв. Энэ үеэр зөвхөн Өвөрмонгол хоол бус мөн европ хоол, монгол тогооч нарын бэлтгэсэн амтат десерт зэргийг 38 мянган төгрөгөөр амтлах боломжийг ӨМӨЗО-ы соёлын өдрүүд олгож байгаа юм.