Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын гуравдугаар цэцэрлэгт явдаг 44 хүүхэд хоолны хордлогод орсон байна. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн хүүхдүүд суулгалт өгч, бөөлжих, халуурах зовуурь илэрснээр эмнэлэгт ханджээ. Хордлогод орсон хүүхдүүдийн 7 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж. Одоогоор тус цэцэрлэгийг түр хугацаанд хааж, хоолонд хэрэглэсэн мах сүүг нь аймгийн Хөдөө аж ахуйн газар болон Мэргэжлийн хяналтын газар шалгаж байгаа гэнэ. Мөн багш нарын эрүүл мэндийн асуудлыг аймгийн Эрүүл мэндийн төвд шалгуулахаар өгчээ. Өнөө орой гэхэд хариу нь гарах аж.