Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүс оролцох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг бусад орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.
Энэхүү чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо байгааг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах чухал ач холбогдолтой юм.