“Жакарта Палембанг-2018” спортын наадмын хүрэл медальт, “Гаруда” академийн дасгалжуулагч Ц.Увдалтай ярилцлаа. Тэрбээр Монголын жюү-жицүгийн түүхэнд Азийн наадмын медальтан болсон анхны тамирчин юм.
-Анх оролцсон Азийн наадмаасаа хүрэл медаль хүртсэн танд баяр хүргэе. Жакартагийн дэвжээнд барилдсан тамирчид хүчтэй байв уу?
-Баярлалаа. Азийн зуны спортын наадамд анх удаа оролцож хүрэл медаль авлаа. Миний барилдсан 62 кг-ын жинд 23 бөх хүч үзсэнээс би эхний тойрогтоо Вьетнамын бөхтэй учраа таарсан. Вьетнамын бөх жүдогоор хичээллэдэг босоо барилдаантай тамирчин байлаа. Би ч гэсэн спортын гараагаа жүдогоор эхэлсэн учир түүнтэй барилдахад амар байсан гэж хэлж болно. Хоёрдугаар тойрогтоо АНЭУ-ын бөхтэй барилдсан.
Энэ барилдааны өмнөх өдөр нь манай багийн Ө.Эрдэнэбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд АНЭУ-ын бөхтэй барилдаад ялсан ч шүүгчдийн шийдвэрээр хожлыг өрсөлдөгч тамирчинд өгч харамсалтайгаар ялагдсан байлаа. Ө.Эрдэнэбаатар бид хоёр нэг ангийн оюутнууд. Би дэвжээнд гарахын емнө түүнд АНЭУ-ын бөхөөс даагаа нэхнэ гэж хэлсэн. Найздаа амласнаараа АНЭУ-ын бөхийг ялж, хэсгийн аваргын барилдаанд БНСУ-ын бөхтэй барилдаад ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөхтэй таарч ялсан.
-Таны ялагдсан БНСУ-ын бөх жингийнхээ аварга болсон. Түүнтэй хийсэн барилдаанд юун дээр алдсан гэж бодож байна вэ?
-Азийн спортын наадмын үеэр барилдсан тамирчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь БНСУ-ын бөх байсан. Анх удаа хилийн дээс алхсан надад 70 кг-ын жинд барилддаг дэлхийн бөхтэй учраа таарсан нь их туршлага боллоо. Миний хувьд энэ барилдаанд чаддаг бүхнээ гаргасан. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж амжилтаа ахиулахын төлөө хичээх болно. -Азийн наадмаас ирсэн даруйдаа Өвөрхангай руу явсан.
Нутгийн зон олон таныг хэрхэн хүлээж авсан бэ? -Анх удаа оролцсон тэмцээндээ амжилт гаргаад ирсэнд баяр хүргэж угтсан. Би айлын дунд хүүхэд. Миний авга эгч волейболоор хичээллэдэг нь намайг спортын хүн болоход нөлөөлсөн. Ер нь би багаасаа эршүүд, хөдөлгөөнтэй хүүхэд байсан учир намайг бөхийн секцэнд оруулж 1З настайгаасаа жүдогоор хичээллэсэн дээ.
-2018 он таны хувьд амжилтын жил болж байна. Гараа сайн бол бариа сайн” гэдэгчлэн улсын аваргаас эхэлсэн амжилтын буухиа одоо ч гэсэн үргэлжилсээр байна?
-Би жюү жицү бөхөөр хичээллээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх Өвөрхангай аймгийн Биеийн тамирын газарт жүдогоор хичээллэж эхэлсэн. Дотооддоо зохион байгуулсан тэмцээнд амжилтай оролцож, оюутан болоод МУБИС-ийн О.Болд-Эрдэнэ багшийн заавраар бэлтгэл сургуулилтаа хийж байлаа. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сараас “Гаруда” академид жюү жицүгийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулсан олон улсын тэмцээнд оролцож хошой мөнгөн медаль хүртсэн. 2018 оны улсын аваргаас хүрэл, Азийн нээлттэй тэмцээнд оролцож түрүүлээд Азийн наадамд оролцох эрхтэй болсон юм.
-Та МУБИС-ийн дасгалжуулагчийн ангийг төгссөн. Цаашдаа мэргэжлээрээ ажиллах уу?
-Би МУБИС-ийг жүдо бөхийн дасгалжуулагчаар төгссөн. Мэргэжлээрээ ажиллана гэж бодсон болохоор багшийнхаа зөвлөснөөр “Гаруда” академид туслах дасгалжуулагч хийж байна. Энэ нь ч намайг жюү-жицү бөхөөр хичээллэх замыг тавьсан. -Жюү жицү олимпын төрөлд багтах цаг ойрхон байна. -Тийм ээ. Азийн наадмын хөтөлбөрт багтсан юм чинь удахгүй олимпын төрөлд багтах байх.
Тамирчин болгон олимпын наадамд оролцох зорилготой байдаг. Би ч гэсэн тэдэн шиг олимпын дэвжээнд гарч алтан медалийн эзэн болохыг зорьж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Жюү жицүгийн спортыг Монголд 2007 оноос О.Болд-Эрдэнэ багш хөгжүүлсэн. Бусад спортыг бодоход бэртэж гэмтэх нь харьцангуй бага байдгаараа давуу талтай. Хичээллэгсдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь хүмүүс нас харгалзахгүй сонирхож болдогтой холбоотой.
-Сар хүрэхгүй хугацааны дараа Улаанбаатарт болох олон улсын тэмцээнд та өрсөлдөх үү?
-Тэгнэ. Тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Олон улсын тэмцээн аравдугаар сарын 6-нд болно. Тэмцээнд одоогоор таван орны 200 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа. Бүртгэл хаагдах болоогүй учир тэмцээнд оролцох тамирчид нэмэгдэх байх.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин