“Мэргэжлийн аврагч” тэмцээн энэ жил нийслэлийн Аврах 105 дугаар ангийн 50 жилийн ойг угтан есдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нийслэлийн Онцгой байдлын газрын анги, салбаруудын гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, тусгай мэргэжлийн бэлтгэлийн түвшинг тодорхойлох, сайжруулах зорилготой юм байна.
Байгаль цаг агаарын хүнд, бэрхшээлтэй нөхцөл байдалд бэлэн байдлын үзлэг, эрэн хайх, аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагаа гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулжээ.
Тэмцээний “Шилдэг офицер”-оор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч Г.Ганбаяр, “Шилдэг аврагч”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Алтанхуяг нар тодорч, хамт олноо манлайлсан аж.
Мөн тэмцээний үеэр хувийн ур чадвараар тэргүүлсэн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Э.Бат-Амгаланд Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай Үндэсний аврах бригадын нэрэмжит шагналыг гардуулж баяр хүргэжээ.