Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам МСҮТ-ийн оюутнуудад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн сар бүр 70.000 төгрөг олгохоор урьдчилсан байдлаар шийдэж төсвийн төсөлд тусгуулсан байна. Засгийн газар амласандаа хүрч оюутнуудад тэтгэлэг олгох сургаар энэ жил МСҮТ-ийн оюутнуудын элсэлт сайн болсон гэнэ. Одоо ч гэсэн 70.000 төгрөгийн тэтгэлгийн сургаар залуус МСҮТ-үүдэд нэмж элссээр байгаа аж. Өнгөрсөн хичээлийн жилд МСҮТ-д 40.000 орчим суралцагч сурч байсан бол энэ жил улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
МСҮТ-д суралцах оюутнуудын тоо нэмэгдсэн нь гаднаас ажиллах хүчийг 50 хувиар бууруулжээ. Ингэснээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөгчид шууд ажлын байртай болох боломжууд нээгдэж байгаа юм. Өнгөрсөн хавар УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооноос ажлын хэсэг гарч МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжих тодорхой шийдвэрүүд гаргасан. Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд намрын чуулганаар өөрчлөлт оруулж МСҮТ-ийг орлогын олон эх үүсвэртэй болгохоор болжээ.