Уран гулгалтын шинэ од А.Трусова дэлхийн дээд амжилт тогтоолоо Х.Батсайхан 2018-09-07 15:35:46 0 Уран гулгалтын шинэ од А.Трусова дэлхийн дээд амжилт тогтоолоо ОХУ-ын уран гулгагч Александра Трусова богино үзүүлбэрээр өсвөр насныхны ангиллын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Литвийн Каунаст болсон Гран при тэмцээнд тэрээр богино үзүүлбэрээр 74.4 оноо авсан байна.

Өмнөх дээд амжилтыг мөн ОХУ-ын уран гулгагч охин Анна Щербакова өнгөрсөн сарын сүүлээр Братиславт болсон тэмцээний үеэр 73.18 оноо авч тогтоож байжээ. Уран гулгалтын шинэ улиралд шүүлтийн шинэ систем хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр 2018-2019 оны улирлын бүх үзүүлэлтүүд түүх болон үлдэж байгаа юм. 13 настай Александра Трусоваг эдүгээ цагийн дэлхийн хамгийн шилдэг уран гулгагч гэж бүгд хүлээн зөвшөөрөөд байна.

Тэрээр өсвөрийн ДАШТ-д бүх цаг үеийн хамгийн дээд үнэлгээг аван түрүүлснээр дэлхийн аварга хэмээх албан ёсны цол, дэлхийн шилдэг уран гулгагч хэмээх албан бус цолыг хамтад нь эзэмших болсон юм. Түүний үнэлгээ нь ийм үр дүн дагуулжээ. Тухайлбал:

-Чөлөөт үзүүлбэртээ 153.49 оноо авсан нь насны ангилалдаа дэлхийн дээд амжилт болжээ. Олимпийн аварга Алина Загитова ноднин жил энэ тэмцээнд түрүүлэхдээ А.Трусовагаас 15 оноо дутуу авч байв.

-Нийлбэр дүнгээр 225.52 оноо авсан нь мөн л А.Загитовагийн өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 17 оноогоор илүү гарсан.

-Техникийн үзүүлэлтдээ 92.35 оноо авсан нь Пёнчанд А.Загитовагийн авснаас 10 оноо илүү бөгөөд дэлхийн дээд амжилт юм. -Дөрвөн эргэлттэй үсрэлтийг нэг үзүүлбэрт хоёр удаа /тулуп, сальхов/ гүйцэтгэсэн нь дэлхийд анх удаагийнх.

-А.Трусовагаас өмнө нэг ч уран гулгагч нэг үзүүлбэрт гурван каскадыг өөр, өөр хувилбараар гүйцэтгэж байгаагүй аж /3 лутц+3 риттбергер, 3 флип+3 тулуп, 3 флип+3 риттбергер+3 сальхов/. Уран гулгалтын шинэ од А.Трусова дэлхийн дээд амжилт тогтоолоо Өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн хамгийн залуу тамирчин болж түүхэнд үлдсэн тэрээр 2019 оны намраас л насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх эрх авна.

Тиймээс А.Загитова, Е.Медведевагийн өрсөлдөөн дахиад нэг жил л үргэлжлэх нь тодорхой байна. Харин түүнээс хойш А.Трусовагийн эрин үе эхэлнэ гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байгаа. Учир нь гулгалтын техник, ур чадвараар А.Трусова одоо ч Алинагаас илүү гэж мэргэжилтнүүд үнэлж байгаа юм. А.Трусова дөрвөн насныхаа төрсөн өдрөөр ролик бэлгэнд авснаасаа хойш тэшүүрийн спортод дурласан бөгөөд есөн настай байхад нь гэр бүл нь Москвад шилжиж ирснээс хойш уран гулгалтаар тууштай хичээллэх болжээ.

Түүнээс хойших дөрвөн жилд Александра Волкова, Анна Царева, Этери Тутберидзе нарын зэрэг гурван дасгалжуулагчийн гар дээр хичээллэж ирсэн байна. Оросын уран гулгалтын шилдгүүдийг бэлтгэдгээрээ алдаршсан Этери Тутберидзетэй ажиллаад хоёр жил болж байгаа ажээ.

Тэрээр төрсөн нутаг Рязаньдаа байхдаа л ааваасаа “Олимпийн аварга болчихвол би бэлтгэл хийхийн тулд эрт босдгоо болих уу” гэж асууж байсан гэнэ. Оросын тэшүүрийн ирээдүй гэгдээд буй энэ охин 2022 онд Бээжингийн олимпод өрсөлдөхдөө 17 настай байх юм. Гэвч тэр болтол түүнд сурах зүйл их, хүчтэй өрсөлдөгчид түүнээс ч дутахгүй олон байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн