“Сүхбаатар мах маркет” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар /МХГ/-т Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэдээс ирсэн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх ажлын хүрээнд тус үйлдвэрт хяналт шалгалт хийж, уг шийдвэрийг гаргасан байна. Шалгалтыг мал эмнэлэг, мал үржлийн хяналт, хүнсний чанар стандартын хяналт, эрчим хүчний хяналт, хэмжилзүйн хяналт, байгаль орчны хяналт, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт гэсэн таван чиглэлээр хийж, нийт 13 төрлийн зөрчил илрүүлсэн байна.
Илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл авахыг хүссэн ч, зөрчилд хянан шийдвэрлэх ажиллагааг одоогоор явуулж байна. Зөрчлийн тухай хуулиараа зөрчлийн хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө нийтэд зарлахыг хориглодог. Тиймээс илэрсэн зөрчлийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Манай зүгээс тухайн компанид зөрчлийн хэрэг үүсгээд прокурорын хяналтад хүргүүлсэн гэх тайлбарыг аймгийн МХГ-ын улсын байцаагч Э.Уугантуяа өглөө. МХГ-аас “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” нэг сарын аяныг зарласан. Үүний хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг мал, мах бэлтгэн нийлүүлэх, боловсруулах үйлдвэр, цехүүдэд үе шаттай хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.