“ДИКСОВЕР МОНГОЛИА”-Д ОРОЛЦОЖ БАЙГАА ЗОРИЛГЫН НЭГ НЬ МОНГОЛЫН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖИЙГ ДЭЛХИЙД ХАРУУЛАХ –
“Оюу толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой ярилцлаа.
-“Оюу толгой”-н гүйцэтгэх захирлын намтар манай уншигчдын сонирхлыг татаж байгаа байх. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач…?
-Миний хувьд химийн болон уул уурхайн инженер мэргэжлээр их сургууль дүүргэж, ажлын гараагаа өмнөд Америкаас эхлүүлсэн хүн. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хойд, өмнөд Америк, Номхон далайн орнууд, Ази тивийн олон улсад ажиллаж, уул уурхайн бизнесүүдийг бүх түвшинд нь удирдсаар өнөөг хүрсэн. Мөн үйл ажиллагааны оновчлол, төлөвлөлтийн чиглэлээр шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалж байлаа. Оюу толгойг удирдаж ажиллаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг. Компанийг удирдах түвшинд ажилладаг бидний хувьд аливаа шийдвэр урт хугацааных байх ёстой. Бидний өнөөдөр гаргаж байгаа шийдвэр ирээдүй, үр хойчид маань нөлөөлдөг учраас аливаа шийдвэрийг урт хугацаанд нь харж гаргах учиртай. Тийм ч учраас Оюу толгойн гүйцэтгэх захирлын хувьд гаргаж буй шийдвэрүүд маань тогтвортой байдалд чиглэсэн, тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэх ёстой гэж боддог.
-“оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын явц ямар шатандаа явна вэ гэдэг асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд маш өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалт. Нийтдээ таван босоо ам барина. Анхны хүдэр гаргаж авах хүртлээ 50 км урт хөндлөн тунель ухах ёстой. Үүнээс гадна барилга бүтээн байгуулалтын шатанд оролцож байгаа ажиллах хүчнийг хангах хэмжээний дэд бүтцүүд, бусад байгууламжуудынхаа хүчин чадлыг өргөтгөх шаардлагатай. Мөн бид гүний уурхайд блокчлон олборлох гэдэг шинэ технологи ашиглана. Энэ технологийн гол онцлог нь ирээдүйн уурхайн үйл ажиллагаа үр ашигтай байх юм. Түүнээс гадна байгалийн орчинд хамгийн бага үр нөлөөтэй олборлох арга.
Энэ аргыг ирээдүйд Оюу толгойн гүний уурхайд ашиглана. Блокчлон олборлох аргын нэг онцлог нь бүтээн байгуулалтын эхний үе шатанд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тийм учраас бид гүний уурхайн бүтээн байгуулалтад нийтдээ 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна. Өнөө жил гүний уурхайн бүтээн байгуулалтаа маш ахицтай урагшлууллаа. Энэ хүрээнд онцлон дурдахад агааржуулалтын зориулалттай тавдугаар босоо амны нэвтрэлтийг дуусгасан. Ингэснээр гүний уурхай дахь агааржуулалтын хүчин чадлыг нэмэгдүүллээ. Тэр хэрээр илүү олон хүн, техник газрын гүнд ажиллах боломж нээгдэж байгаа. Дараагийн нэг гол амжилтыг онцолж дурдмаар байна. Хоёрдугаар босоо амны босоо нэвтрэлтийг хийж дууслаа. Хоёрдугаар босоо ам бол гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг гол зүрх нь. Учир нь бид хоёрдугаар босоо амаар дамжуулж ажиллах хүч, тоног төхөөрөмж тээвэрлэхээс гадна газрын гүнээс хүдэр гаргаж авах юм. Хоёрдугаар босоо амны механик тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтыг 2019 оны нэгдүгээр улиралд багтааж дуусгана. Дүгнээд хэлэхэд бид 2020 онд анхны хүдэр буулгуурыг дуусгаж анхны хүдрээ гаргаж авахаар зорьж байна. 2021 он гэхэд үйлдвэрлэлийн тогтвортой шат руугаа шилжинэ. Нийт төслийн бүтээн байгуулалт 2022 онд дуусна. Энэ үеэр гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгддэг дэд бүтцийн ажлуудыг хийж дуусна гэж тооцож байгаа.
-Тэгэхээр 2020 онд гүний уурхайгаас анхны хүдрийг гаргаж авна гэж ойлголоо…?
-Бид тэгж тооцоолж төлөвлөж байна. Анхны хүдрээ 2020 онд гаргаж авна. 2021 оноос үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагаа руу шилжээд 5-7 жилийн хугацаанд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж явсаар 2027 он гэхэд гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэж тооцож байгаа.
-Гүний уурхай төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нь ээ?
-Шинэ бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь амжилттай дуусгахын тулд сорилт бэрхшээл тулгарч байгаа. Гэсэн хэдий ч бид төлөвлөсөн цаг хугацаандаа төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Үндэсний ханган нийлүүлэгчдийн тус дэм их бийг онцлон дурдъя.
-Гүний уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн хичнээн хувийг монголчууд эзэлж байгаа бол?
-Гүний уурхайн бүтээн байгуулалт мега төсөлд тооцогдоно. Тэр хэрээрээ өндөр хэмжээний төлөвлөлт шаардаж байна. Шинэ техник технологи нэвтрүүлэх, урьдчилан бэлтгэх гэх мэт олон хүчин зүйл шаардлагатай. Оюу толгойн хувьд үндэсний компаниуд, дотоодын ханган нийлүүлэгчдийн дэмжлэг туслалцаатайгаар өргөн цар хүрээтэй төслийг амжилттай хэрэгжүүлж яваадаа баяртай байна. Онцолж дурдахад төслийн нийт ажиллах хүчний хэмжээ 16000 давсан. Үүний 93 хувь нь монголчууд. 1200 гаруй ханган нийлүүлэгч компаниудын 70 гаруй хувь нь дотоодын ханган нийлүүлэгчид, тэдний 90 гаруй хувь нь үндэсний компаниуд буюу талаас дээш хувийг нь монгол иргэн эзэмшдэг компаниуд байдаг.
Эдгээр компаниудын хувьд шинэ техник технологи, олон улсын стандартад суралцаж шинэ ур чадваруудыг эзэмшиж байна. Ханган нийлүүлэгч компанийн үйл ажиллагаа сайжирч чанар нь нэмэгдэж байгаа. Цаашид Монголд олон том төсөл хэрэгжинэ. Тэр төслүүдэд ханган нийлүүлэгчээр ажиллах компаниудыг Оюу толгой бэлдэж байна гэж ойлгож болно.
-“Оюу толгой”-н инженер болон удирдах түвшний албан тушаалын хичнээн хувийг монголчууд эзэлдэг вэ?
-Ахлах мэргэжилтнүүд 100 хувь монголчууд. Инженерүүдийн 70 гаруй хувь, менежерүүдийн 50 гаруй хувийг монголчууд бүрдүүлж байна. Компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гуравны нэг нь монгол хүмүүс. Тавхан жилийн настай компанийн хувьд маш том ололт амжилт. Миний хувьд 28 жил уул уурхайн салбарт ажилласан хүн гэдгээ танд хэлсэн. Уул уурхайн салбарт ажилласан жилүүддээ ийм жишээтэй таарч байгаагүй. Тэгэхээр энэ жишээ бол монголчуудын ур, чадвар потенциалыг илтгэж буй нэг хэлбэр. Ирээдүйд монголчууд Оюу толгойгоос гадна дэлхий даяар ажиллах бусад уурхайг удирдаад явна гэдэгт эргэлздэггүй. Үүнээс гадна Оюу толгойн ханган нийлүүлэгч компаниуд олон улсын түвшинд өрсөлдөх бүрэн бололцоотой. Бидний өнөөдрийн явуулж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтууд Монгол Улсад, Өмнөговь аймагт эерэг нөлөө үзүүлж байгаа гэдэгт ч эргэлздэггүй. Хүнд хийж байгаа бидний хөрөнгө оруулалт үр шимээ өгөөд эхэлсэн. Ирээдүйд илүү их өгөөж өгөх байх.
-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч олборлолт эхлэхэд зэсийн үнэ өндөр байна гэсэн өөдрөг таамаг дуулддаг. Зэсийн зах зээлийн ирээдүйн талаар төсөөлөл таамгаа хуваалцаач?
-Зэсийн зах зээлийн ирээдүй өөдрөг харагддаг. Сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ шаардлага улам бүр өсч байна. Цахилгаан машины зах зээл тэлж эхэллээ. Ухаалаг утасны зах зээл улам хөгжих нь тодорхой байна. Энэ мэт олон шалтгааныг дурдаж болно. Зэсийн ирээдүйн хэрэгцээг тоймлоод харахаар багагүй хэсэг нь Монголын урд хөрш Хятад улсад ногдож байгаа. Тэгэхээр зэсийн зах зээлийн ирээдүйд эргэлзэх шаардлагагүй. Ирэх жилүүдэд огцом өсөх эрэлттэй зэрэгцэн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусна. Энэ бол бидний хувьд олзуурхууштай хэрэг. Оюу толгой шиг бүтээн байгуулалтын шатандаа яваа, зэсийн эрэлт хэрэгцээ өсөх үед үйл ажиллагаа нь эхлэх төсөл тийм олон биш. Тэгэхээр бидний хувьд боломж бололцоо их байна.
-Гүний уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл Монгол Улс зэсийн зах зээлийн голлох тоглогчдын нэгд багтах хүлээлт байна…?
-Зэсийн зах зээлийн голлох тоглогчид гэвэл мэдээж Индонези, Чили. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт зэсийн зах зээлийн хувьд чухалд тооцогдож байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч ашиглалтад бүрэн орсноор дэлхийд дээрээсээ гуравт жагсах уурхай болох төлөв бий. Чили шиг хамгийн том тоглогч болж чадахгүй ч Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг дагаад Монгол Улсын дэлхийн зэсийн зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэнэ. Ингэхийн тулд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах шаардлага байгаа. Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд голлох тоглогч байхын тулд дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлээд явах учиртай.
-Өмнийн говьд баригдах цахилгаан станцын асуудал дээр Оюу толгой ямар оролцоо, байр суурьтай байгаа вэ?
-Товчхондоо Оюу толгой дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ авах үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Оюу толгойн ТУЗ-өөс цахилгаантай холбоотой судалгааг бүрэн гүйцэд дуусгах, шийдэл гаргах чиглэлээр төсөв хөрөнгө батлаад ажиллаад явж байна.Өнөөдрийн байдлаар “Рио Тинто” болон Монгол Улсын Эрчим хүчний яам хоорондох яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Ингэснээр талууд цахилгаан станцын талаарх байр сууриа нэгтгэнэ. Байр сууриа нэгтгэж шийдвэр гарсны дараа бид цахилгаан станцын төслийг шуурхай хэрэгжүүлэхэд бэлэн байна.
-“Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганд анхнаас нь оролцсоор ирсэн том хөрөнгө оруулагч бол танай компани. Энэ жилийн “Дисковер Монголиа” чуулганы талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Монгол Улс дэлхийн зах зээл дээр шинээр төрөн гарч ирж байгаа эдийн засгийн хувьд цаашдынхаа хөгжилд хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулагчдын хувьд Оюу толгой хамгийн том жишээ, амжилтын түүх болох учиртай. Тэр утгаараа Оюу толгойн “Дисковер Монголиа”-д оролцож байгаа бас нэг үүрэг зорилго нь Монголын давуу тал, боломж бололцоог олон улсын хөрөнгө оруулагчдад харуулах юм. Үүнээс гадна Монгол Улсад Оюу толгой шиг өргөн цар хүрээтэй төсөл, бизнесийг хэрхэн амжилттай босгож, хэрэгжүүлж болохыг олон улсын хөрөнгө оруулагч, Монголын иргэдэд тайлбарлаж ярих нь бидний “Дисковер Монголиа” чуулганд оролцож байгаагийн нэг гол зорилго, үүрэг. Хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд засч сайжруулах шаардлагатай зүйлсийг ч хөрөнгө оруулагч, Засгийн газар энэ чуулганы үеэр тал талаас нь ярилцах байх. Ирээдүйн болон өнөөдрийн хөрөнгө оруулагчдад шаардлагатай байгаа нэг зүйл бол хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой орчин. Байгуулсан гэрээнүүдээ тогтвортой тууштай хэрэгжүүлэх үүрэг амлалтыг бид бүхэн дахин ярилцах шаардлагатай. Хөрөнгө оруулагчдад хэзээ ч, хаана ч хөрөнгө оруулалтын тогтвортой орчин шаардлагатай байдаг.
-“Дисковер Монголиа”-гийн голлох илтгэлүүдийн нэгийг та тавина. Илтгэлдээ юуг онцлох гэж байна?
-“Дисковер Монголиа” чуулганаар дамжуулж олон нийтэд болон бусад хөрөнгө оруулагчдад хүргэх гэж байгаа нэг гол мессэж бол бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зарчмуудыг хэрхэн нэвтрүүлэх тухай асуудал. Энэ асуудлыг бусадтайгаа хуваалцахыг хүсч байна. Оюу толгой 100 жил үйл ажиллагаа явуулах уурхай учраас бидний стратеги тогтвортой ажиллахад чиглэдэг. Үүгээрээ бид Монголын үр хойч ирээдүйд зориулсан уурхайг байгуулж байгаагаа харуулах болно. Оюу толгойн Монголд оруулж буй хувь нэмэр санхүүгийн хэдэн тоогоор хязгаарлагдахгүй. Шинэ техник технологи, хүний хөгжил гэх мэт маш олон чиглэлээр хувь нэмрээ оруулаад явж байгаа. Ирээдүйн олон хөрөнгө оруулалт, том төслүүд Оюу толгойгоор чиг баримжаа авч, дараа дараагийн хөрөнгө оруулагчид Оюу толгой гэдэг луужингийн зүг чигийг харж орж ирэх учиртай. Тэр утгаараа бид Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс үйл ажиллагаагаа явуулж байна.
-Монгол Улсын давуу тал, боломжийг онцлооч гэвэл та юу хэлэх вэ?
-Монгол байгалийн нөөц, ашигт малтмалаар баялаг улс. Тэр утгаараа уул уурхайн салбар Монголын эдийн засагт маш том түлхэц өгнө. Мөн хоёр том зах зээлийн голд оршиж байгаа гэсэн давуу талтай улс. Тэр дундаа БНХАУ ашигт малтмалын хэрэгцээ шаардлага ихтэй. Ийм улсын хөрш гэдэг нь Монголын том давуу тал. Тэр утгаараа уул уурхайн дараагийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломж бий. Монгол бол ардчилсан улс. Суралцаж яваа орон. Хөрөнгө оруулалтаа дэмжсэн бодлого, дүрэм журмаа улам сайжруулж, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангахад төрийн эрх барьж буй улс төрийн намууд улстөрчдийн дэмжлэг аль аль нь тэнцүү ач холбогдолтой. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол Улс хурдацтай хөгжиж хөгжингүй орон болох үүд хаалга ойрхон байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”