Эртний түүхтэй Монгол угсаатны мах цусны тасархай болсон Өвөр Монголын ах дүүстэй бид олон талаараа адилхан. Нүүдлийн соёл аж ахуй, хэл соёл, өв уламжлал нь хилээр зааглагдсан болохоос биш нэг юм. Манай улсад үргэлжилж буй ӨМӨЗО-ы соёл аялал жуулчлалын өдрүүдээр гар урлалын уламжлалт бүтээлүүдийг дэлгэн тавьсан нь яах аргагүй анхаарал татсан.
Мөн ардын уламжлалт анагаах ухааны эмч нар ирж үнэ төлбөргүй үзлэг хийж, эмчилгээ тан бичиж өгсөн зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр гэхэд “Солонго” сэтгүүл мэндэлсний 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тус сэтгүүл нь ӨМӨЗО-ны Өдрийн сонины харьяа “Солонго мэдээллийн төв”-өөс эрхлэн гаргадаг бөгөөд 1993 онд анхны дугаараа уншигчдын хүртээл болгож байв.
Крилл бичгээр хэвлэгдэн гардаг тус сэтгүүл нь монголчуудад зориулсан бөгөөд Хятад, Монгол хоёр улсын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, соёлын харилцаа, мэдээлэл нэвтрэлцэх соёлын чухал тээгч болж, хоёр улсын ард түмний найрсаг харилцааны чухал гүүр нь болж хамтын үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулсаар байна. Ингэхдээ хөрш орнуудын найрамдалт харилцааг хадгалж, Монгол, БНХАУ-ын нөхөрлөлийн агшин бүрийг мөнхлөн тэмдэглэхийг зорьж байна хэмээн “Солонго” сэтгүүлийн эрхлэгч Л.Наранхүү онцлов. Тэрбээр ““Солонго” сэтгүүл нь улсын зэрэглэлийн сэтгүүлийн хувьд Хятад улсын байр суурь, олон улсын илэрхийлэл, иргэдийн төлөөлөл болон мөн сурталчилгааны зарчмын дагуу Монгол Улсад Хятадын эдийн засаг, нийгэм хөгжил, соёл түүхийг танилцуулан, хоёр улсын бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааны үр дүнг шуурхай мэдээлдгээрээ хоёр улсын харилцаанд чухал гүүр нь болж ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд бид хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан нөлөө бүхий хэд хэдэн сурвалжилга хамтран бэлтгэж ирсэн” хэмээлээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 25 мянган дугаар эрхлэн гаргаад буй энэхүү сэтгүүлийн хамт олон монгол хэлээр www.solongonews.mn, орос хэлээр www.solongoru.mn цахим хуудсаар дамжуулан мөн мэдээ, мэдээллээ түгээж буй юм.